Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хуваарь гаргажээ. Энэ хуваарийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ сарын 22-нд зарлах бөгөөд энэ өдрөөс эхлэн иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурших хөдөлгөөнийг санал хураах өдөр дуустал улсын хэмжээгээр түр зогсоох гэнэ. Харин энэ сарын 30-ны өдрөөс өмнө СЕХ гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн байгуулах юм байна.Түүнчлэн УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 10 хоногийн дараа эхлүүлж, мөн хугацаанд дуусгах бөгөөд энэ ажил тавдугаар сарын 3-12- ныг дуустал үргэлжлэх аж. Харин. үүнээс хойшхи тав хоногт нэр дэвшигчээ тодруулсан улс төрийн нам нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгийг СЕХ-нд ирүүлэх юм байна. СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгох гэнэ. Гадаад улсад оршин сууж буй иргэн санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 25 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байх Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсвэл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх юм байна.
/24tsag.mn/



















































