Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын ажилтнууд энэ сарын 4-13-нд Хөвсгөл, Булган аймагт ажиллажээ.

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын ажилтнууд энэ сарын 4-13-нд Хөвсгөл, Булган аймагт ажиллажээ. Тус байгууллагынхан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын зүүн, баруун тайгад амьдардаг 257 цаатан буюу тува иргэдийн боловсрол, эрүүл мэнд, амьжиргааны түвшнийг сайжруулах ажлыг үнэлж, дүгнэв. Сумын 12 жилийн сургуульд 151 тува хүүхэд суралцаж байгаагаас 80 нь эрэгтэй, 71 нь эмэгтэй аж. Цаатнуудын эрхэлдэг гол аж ахуй нь цаа буга маллах. 2003 онд 600 цаа буга байсан бол энэ онд 1425 болж өссөн нь сайшаалтай гэж ХЭҮК-ынхон онцоллоо. ХЭҮК хүний эрх зөрчсөн тухай гомдол хүлээн авч, шийдвэрлэдэг. Тиймээс Хөвсгөл аймагт ажиллах хугацаандаа ХЭҮК-ынхон Улаан-Уул сумын нэг иргэний асуудлыг шийджээ. Энэ иргэн залилангийн гэмт хэрэгт холбогдож, таван жил шалгагдсаны эцэст хууль хяналтын байгууллагаас түүнийг цагаатгасан байна. Тэрбээр энэ таван жилийн хугацаанд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэж гомдол гаргасныг ХЭҮК хүлээн авч, шалгаад Хөвсгөл аймгийн сум дундын шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргажээ. Шүүх хэргийг шалгаад уг иргэнд 65 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон аж.
Д.Ундрах /24tsag.mn/