
“48 цаг” кино наадамд хоёр жилийн өмнө тэргүүлж байсан Ж.Хоролдорж найруулагч хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр ажиллаж байна. “Шарга даага” нэртэй эл кино Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаанд тэргүүлсэн тул улсаас санхүүжилт авч хийхээр болжээ. Энэ кинонд монгол адуучдын зан заншил, хурдан морь уях, уралдуулах ёс жаягийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх юм билээ. Тодруулбал, киноны гол баатар хүү эцэг, эхээсээ хол, авга ахынхаа гэрт өсөж байтал ах нь нас барснаар гэртээ эргэн ирнэ. Гэвч хүү төрсөн гэртээ дасаж өгөхгүй, аав, ээжийнхээ сэтгэлийг чилээн, эцэст нь төрсөн эх нутгийнхаа үнэ цэнийг ухаардаг. “Шарга даага” киног хүүхдэд зориулан бүтээж буй ч бүх насныхан үзэх боломжтой. Эл киноны багт Японы зураглаач Ёсүкэ Като уригдан ажиллаж буйгаараа онцлог. Дэлгэцэнд гарах хугацаа нь ойртсоор байгаа энэ киноны хөгжмийг Морин хуурын чуулгынхан тогложээ.