Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ “Улаанбаатар” зам засвар арчлалт орон нутгийн өмчит харилцааны газрын даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдээс өндөр хүүтэй их хэмжээний мөнгө зээлж, зээлээ төрийн байгууллагаар төлүүлсэн байж болзошгүй гэнэ.Тухайлбал, Ө.Одгэрэл, Д. Варшилав, Д.Дагиймаа, Д.Сарантунгалаг, Д.Нансалмаа, Ц.Сэнгээ, “Чингис хаан холдинг” банк бус санхүүгийн байгууллага, “Нэрж”, “Монгол сата интернешнл” зэрэг аж ахуй, иргэдээс нийт 482.2 сая төгрөг зээлжээ. Ингэхдээ үндсэн зээлийн хүүг 10 хувь, хугацаа хэтэрсэн тохиолдолд 5-20 хүү нэмж төлөхөөр гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний дагуу зээлсэн мөнгөний хүүд 211.8 сая төгрөг, хугацаа хэтэрсэн алдагдал хүүд 18.4 сая төгрөг тус тус төлжээ. Энэ мөнгийг “Улаанбаатар” зам засвар арчлалт орон нутгийн өмчит харилцааны газраас гаргасан болохыг нийслэлийн аудитын газрын шалгалтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл төсвийн байгууллагын санхүүжилтийн тухай хуулийн 14.1.1-т буюу “Улсын төсвийн байгууллагын албан тушаалтан зээл авах, олгох, хувиргах, зээлийн төлбөр гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тиймээс Д.Бат-Эрдэнэ нь төсвийн байгууллагын нэрээр бусдаас мөнгө зээлж, мөнгө өсгөх далд сонирхол байсан эсэхэд хууль хяналтынхны анхаарлыг татаад байгаа аж.
24tsag.mn

















































