Пакистан гаралтай иргэн Рамзан Хафиз Мухаммад /1974 онд төрсөн/, Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан /1969 онд төрсөн/, АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар /1983 онд төрсөн/ нарыг Улаанбаатар хотоос баривчлан, шалгаж байгаа аж.Тэд Монгол Улсын хилээр бизнес, жуулчны визээр орж ирсэн ба эдгээр гурван иргэний хоёр нь хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэн олон улсад эрэн сурвалжлагдаж байсан гэнэ. Хаяат Хизарын хувьд АНУ-ын Нью Йорк хотын Саффолк мужийн шүүхээс 1, 2 дугаар зэргийн хулгайн хэргээр ял шийтгүүлж байжээ.
Дээрх гурван иргэний тухайд ямар зорилгоор Монгол Улсад орж ирсэн нь тодорхойгүй ч ноцтой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан тэднийг илрүүлэн шалгаж эхэлсэн бөгөөд олон улсын Олон улсын интерпол, Терроризмтой тэмцэх төв зэрэг байгууллагатай мэдээлэл солилцож хамтран ажиллаж байгаа гэнэ.
Ямартаа ч энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-АОХН-ийн хурлын үеэр Пакистаны интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гурван иргэн манай улсад орж ирсэн байхад нь баривчилсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын харьяат гурван иргэнийг баривчилж, саатуулсан байгаа. Энэхүү гурван иргэний хоёрынх нь овог, нэр олон улсын хэмжээнд интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн мэдээлэлтэй таарч байгаа. Тиймээс энэ гурван хүнийг Цагдаагийн байгууллага саатуулж, холбогдох мэдээллийг эрэн сурвалжилж байгаа олон улсын байгууллагуудад явуулсан байгаа. Холбогдох газруудаас одоогоор хариу ирээгүй байна.
-Шалгалтын явцад ямар хэрэг хийж эрэн сурвалжлагдаж байсан талаар илрүүлсэн үү?
-Шалгалт үргэлжилж байгаа. Цагдаагийн байгууллага ажлынхаа хүрээнд Олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. Холбогдох газруудаас мэдээлэл ирсний дараа илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.
-Хэзээнээс хойш эдгээр хүмүүс олон улсын хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа юм бол?
-2006 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа. Харин Монгол Улсад түр хугацаагаар оршин суух эрхтэйгээр энэ онд орж ирсэн байсан. Хэрэв олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэдэг нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу, асуудлыг шийдвэрлэнэ.
-Чуулга уулзалтад оролцохоор ирсэн төлөөлөгчдийн дунд орж ирсэн байж болох уу?
-Үгүй. Зөвхөн Монгол Улсад түр хугацаагын визтэйгээр орж ирсэн иргэд байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)