1991 оны хавар яруу найрагч Ү.Хүрэлбаатар улсын арслан цолны хүндэтгэлийн барилдааныг анхлан санаачилж байсан түүхтэй.

1991 оны хавар яруу найрагч Ү.Хүрэлбаатар улсын арслан цолны хүндэтгэлийн барилдааныг анхлан санаачилж байсан түүхтэй. Түүний үүсгэн байгуулсан “Улаанбаатар” сонины нэрэмжит тус барилдаан энэ үед бид бүхний сайн мэдэх нэр хүнд бүхий барилдаан болон өргөжсөөр иржээ. 2003 оноос улсын гарьд цол бий болсон учраас энэ барилдаан хоёр цолны хүндэтгэлд зориулагдах болсон юм. Тэгвэл ирэх амралтын өдрөөр буюу ням гарагийн 14.00 цагаас “Улсын арслан гарьд цолны хүндэтгэлийн барилдаан” 22 дахь удаагаа Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тус барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглох юм. Энэхүү барилдаанд улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ дөрөв түрүүлж, хоёр үзүүрлэсэн амжилтаар манлайлдаг аж. Харин Б.Ганбат, Р.Пүрэвдагва нар аймгийн цолтойдоо түрүүлж байсан бол аварга Д.Сумъяабазар залуу бөх байхдаа, Б.Соронзонболд аймгийн арслан байхдаа тус тус үзүүрлэж байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/