Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн дэнж дэх таван айл гал алдсанаас болж орон гэргүй болжээ.

Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн дэнж дэх таван айл гал алдсанаас болж орон гэргүй болжээ. Тиймээс Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмай нийгэмлэгийнхэн хамтран тэдгээр өрхөд тус бүрт нь гэр олгож, мөнгөн тусламж үзүүллээ. Үүнээс гадна нэг сарын турш хэрэглэх хоол хүнс, ам бүлийн гишүүдийн тоогоор өмсөх хувцас олгож, галд өртсөн айлуудын хашаа болон ойр орчмыг “Баянгол Шинэ өргөө” ОНӨТҮГ-ын хамт олон цэвэрлэсэн байна. Энэхүү галын аюулд өндөр настан, өрх толгойлсон эмэгтэй, ам бүл 12-уулаа өрх гээд нийгмийн зорилтот бүлгийнхэн өртсөн байжээ.
Галд өртсөн өрхүүдэд тусламж үзүүлэх үеэр сайд С.Эрдэнэ “Орон гэр, эд материалаа галд алдаж том гарз учирсан ч азаар эрдэнэт хүний амь эрсэдсэнгүй. Цаашид сэтгэл санаагаар өөдрөг байж амьдралынхаа төлөө тэмцэж, хөдөлмөрлөөрэй” хэмээсэн юм. Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн зүгээс Гандангийн гэр хорооллын айлуудад аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахуйц орчин бүрдүүлэхийг үүрэг болгожээ.
Тун удахгүй Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг гарч, Гандангийн гэр хорооллын айлуудад шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгөх зэргээр цуврал арга хэмжээ авна хэмээн
Хүн ам, нийгмийн хамгааллын яам мэдээллээ.