Олон улсын хэмжээнд хүний амь нас санаатай хөнөөх, терроризмтой
холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай
гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Олон улсын хэмжээнд хүний амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал УМБГ, ТЕГ-ын ажилтнууд Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурлын үеэр гадаадын 1000 гаруй зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм. Энэ ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 28-нд ЦЕГ, ТЕГ хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэж байсан Пакистан гаралтай иргэн Рамзан Хафиз Мухаммад /1974 онд төрсөн/, Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан /1969 онд төрсөн/, АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар /1983 онд төрсөн/ нарыг баривчилсан. Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч нэгийг нь визний зөрчилтэй байсан бөгөөд албадан гаргах арга хэмжээ аваад гаргажээ. Харин нөгөө хоёрынх нь хэрэгтэй холбогдуулж нэмж тодруулах шаардлагатай зүйл байгаа тул мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм байна. Тэд 2006 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд Монгол Улсад түр оршин суух эрхтэйгээр орж ирсэн байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/