
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах "Орчлон" хорооллын 41 дүгээр байранд их хэмжээний гал гарсан билээ. Гал нэлээд газар авч дөрөвдүгээр давхраасаа арван давхар хүртэл шатсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. “Орчлон” хороололд гарсан галын шалтгааныг шинжээчид дүгнэхдээ дөрөвдүгээр давхрын айлын тагт дээр байсан их хэмжээний хураалгатай бараа руу цогтой тамхины иш хаяснаас гал гарсан хэмээн үзжээ. Мөн гал энэ давхраас эхэлж гарсан болохыг ч тогтоосон байна. Улмаар орон сууцны барилгын дулаалгын хөөсөнцөр хавтан гал тархах нөхцөл бүрдүүлсэн гэж дүгнэжээ.