Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын IV уралдааныг ирэх аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1-нд зохиохоор болжээ.
ССАЖЯ, Монголын урлагийн ажилтны холбооноос зохион байгуулж, Ерөнхийлөгчийн ивээл дор явуулах уг уралдаанд оролцогчдыг есдүгээр сарын 1-15-нд бүртгэх аж. Урлагийн ажилтны холбооноос зохиодог улсын уралдаануудад тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчид энэ уралдаанд оролцохгүй бөгөөд 1973 оноос хойш төрсөн, төгөлдөр хуур, хийл, морин хийл хөгжимчид оролцож, гурван үе шаттай өрсөлдөх юм байна. Гуравдугаар шатны шалгаруулалтын гала тоглолт арваннэгдүгээр сарын 1-нд ДБЭТ-т болж, шилдгүүдээ тодруулна. Тэргүүн байрт шалгарсан хөгжимчид тус бүр гурван сая төгрөгийн эзэн болох бол хоёрдугаар байр 2.5 сая, гуравдугаар байр хоёр сая төгрөгийн шагналтай аж. Мөн С.Гончигсумлаагийн нэрэмжит сая төгрөгийн шагналыг нэг хөгжимчинд олгох юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/