
“Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” уриан дор зохион байгуулагдах гэж буй Хүүхдийн баярт энэ жил МЗХ Хүүхдийн хөгжил оролцоог дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм байна. МУЗН-тэй хамтран МЗХ, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хүмүүнлэгийн хороо, Залуучуудын спортын хороо, Залуучуудын соёл урлагийн хорооноос санаачилан дүү нартаа зориулсан тусгай хөтөлбөрийг зохион байгуулахаар болсон гэнэ. Энэхүү үйл ажиллагаанд хүүхдийн хөгжил оролцоог дэмжсэн уралдаант тэмцээнийг зохион байгуулахын зэрэгцээ эцэг, эх, хүүхдийн хамтын оролцоотой Байгаль дэлхийгээ хэрхэн хайрлах вэ? сэдэвт өртөөчилсөн үйл ажиллагаа болох юм байна. Тухайлбал баярын хөтөлбөрт МЗХ-ны дэргэдэх Залуучуудын соёл урлагийн хорооны дарга, ТВ Коктейль хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр оролцож, хүүхэд багачуудынхаа дунд сонирхолтой уралдааныг явуулах гэнэ. Мөн хүүхдийн оролцооны байгууллагуудын 30 өртөө ажиллаж, хүүхэд багачуудынхаа дунд ногоон дэлхий, байгаль эхээ хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох сонирхолтой хөгжөөнт тэмцээн, урлагийн тоглолт болох юм байна. Энэ үеэр Хүүхдийн хөгжил оролцоог дэмжигч байгууллагад нэгдсэн Атар Өргөө ХК, Сантис, Замбала, Everyday байгууллагын ах эгч нараас нь бэлдсэн гарын бэлгийг хүүхэд багачуудад бэлэглэх гэнэ. Хүүхдийн баярын тус хөтөлбөр нь 06-р сарын 01-нд Сүхбаатарын талбайд өглөө 11 цагаас эхлэнэ. Харин Цоомоогийн хөтөлбөр нь өдөр 13 цагаас болох гэнэ. Бяцхан дүү нартаа хүүхдийн баярын мэндийг хүргэж, улс эх орондоо сайн иргэн болж төлөвшихийг ах эгч нь хүсэж байна.