
Хот, хөдөөгийн театр, чуулгынхны нээлттэй өдөрлөг СУИС-ийн төв байранд өнөөдөр, маргааш болох юм. Өдөрлөгт аймаг, орон нутгийн 23 театр, чуулга оролцохоос гадна нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Сарны чулуу” “Улаанбаатар", “Түмэн- Эх” чуулга оролцох юм байна. Энэ үеэр дээрх байгууллагууд өөрийн үйл ажиллагааг сурталчилсан урлагийн тоглолт үзүүлэхээс гадна төгсөгчдөд зориулсан нээлттэй ажлын байр зарлах аж. Энэхүү өдөрлөгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон “Соёл ба хөгжил” чуулганы хүрээнд зохион байгуулж байгаа тул соёл урлагийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг бас болох юм. Хэлэлцүүлэгт СУИС-ийн профессор багш нар, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэд болон мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлагууд оролцоно.
Д.Ундрах /24tsag.mn/