Их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт нэр нь холбогдсон эрхмүүдийн нэг ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Түүний данс руу манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтан 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн гэж байгаа юм.

Их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт нэр нь холбогдсон эрхмүүдийн нэг ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Түүний данс руу манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтан 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн гэж байгаа юм.
Герман улсын хуульд зааснаар 50 мянгаас дээш ам.долларын гүйлгээ орлого эсвэл зарлагаар үйлдэгдвэл шалгадаг. Гэтэл манай улсаас тус улсад элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн дансанд 201 мянган евро таван удаагийн үйлдлээр орсон тул тус улсын хууль хяналтынханыг эл үйлдлийг шалгахад хүргэсэн юм. Германчууд Д.Тэрбишдагвийг элчин сайд байхад нь хүний наймаатай холбогдсон хэмээн шүүж байсан. Тэр үеэс тус улсынхан Монголын элчин сайд, дипломатчдыг нарийн нягт шалгаж, анхааралдаа авсан нь ойлгомжтой. Гэтэл үүнд нь Б.Даваадорж ийн өртсөн юм.
Мөн Б.Даваадоржоос гадна Герман, Белгид ажилладаг элчин сайдын яамны ажилчдын дансыг шалгаж эхэлсэн. Хэрэв ямар нэгэн зөрчил илэрвэл сэжиглэгдэн байцаагдах хүмүүсийн тоо бас л нэмэгдэх юм.
Ямартаа ч Германы тал Б.Даваадоржийн орсон гарсан бүх дансыг дахин шалгахад өөрийн цалин болон бүх төлбөр тооцоогоо Монгол руу явуулдаг байсныг тогтоосон талаар эх сурвалж дурдаж байсан. Өөрөөр хэлбэл манай улсын нөлөө бүхий дөрвөн эрхэм монголоос түүний данс руу 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлж байсан нь баримтаар тогтоогдсон гэсэн үг.
Тиймээс Б.Даваадоржийг тус улсын хуулийн дагуу нэн даруй баривчлан саатуулах ёстой боловч түүний дипломат эрх нь уг хэргийг үргэлжүүлэн шалгахад хүндрэл учруулаад байгаа юм байна.
Тэгвэл тэрээр уг хэргийн талаар тэрээр өөрөө хэвлэлийнхэнд албан ёсны тайлбарыг өгсөн байна.
Б.Даваадорж мөнгө угаасан гэх эл хэргийнхээ талаар ийн тайлбарлав
Энэ хэрэгт манай хамт олон болон миний гэр бүлийн хүмүүсийг шууд оролцуулж байгаа учраас би аргагүйн эрхэнд тайлбар хийе гэж бодсон юм. Гадаад орнуудын Элчин сайдын яаманд ажиллаж байгаа хэнд ч гэсэн Монголд байгаа ах дүү, танил тал нь хувийн журмаар тодорхой бараа материал захидаг. Энд яригдаад байгаа мөнгө миний танил, хувийн хэвшлийн компаниудын хүмүүсийн автомашин, гэрийн тавилга захисан мөнгө. Эдгээр мөнгө миний хувийн дансаар шилжин цааш төлбөр хийгдсэн юм. Ер нь гадаад гадаад орнуудынЭлчин сайдын яаманд ажилладаг хүмүүс тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг. Тиймээс Монголд байдаг хүмүүс нэлээд үнэтэй зарим нэг бараа болох машин, тавилга авахад туслаач гэж хүсдэг.
Улс төрийн зорилготой энэ хэргийг дэвэргэж байна. Намайг Германы талаас шалгаагүй гэдгийг ГХЯ-наас мэдэгдсэн.
Б.Даваадорж хэлэхдээ, “Би Монгол-Германы харилцааны салбарт 20 гаруй жил ажиллалаа. 2009 оноос Элчин сайдаар томилогдон ажиллалаа. Намайг эл албанд томилогдох үед “Энэ хүнийг Элчин сайдаар томилбол хоёр улсын харилцаа эрс муудна” гэж ярьсан хүмүүс байгаа. Энэ албан тушаалд зарим нэг хүн өрсөлдсөн. Тиймээс тэд одоо хүртэл иймэрхүү асуудлыг улстөржүүлж дэвэргэсээр байгаа юм. Би энэ хүмүүсийг хэн гэдгийг сайн мэднэ. Намайг ХБНГУ-ын хуулийн байгууллага шалгаж байгаа бол зөвхөн Монголын ГХЯ-аар дамжин асуудлыг тавих журамтай. Германы талаас албан ёсоор ямар нэг асуудал хөндөөгүй гэж мэдэгдсэн гэдгийг манай ГХЯ-наас албан ёсоор мэдэгдсэн. Гэсэн ч би энэ асуудлыг ХБНГУ-ын ГХЯ-ны холбогдох хүмүүстэй ярьсан тул удахгүй хариу нь гарах байх” гэсэн тайлбарыг өгчээ.
Ямартаа ч ямарваа нэг улсаас гадаадад суугаа Элчин сайд нь тухайн улсын нүүр царай байдаг. Тиймээс манай улсын Элчин сайдууд ийн мөнгө угаасан гэх хууль бус хэрэгт нэр холбогдоод байвал улсын нэр хүндэд халтай. Үнэхээр Б.Даваадорж сайдын хэлж байгаагаар түүнийг шалгасан гэх мэдээлэл худал юм бол ГХЯ-наас тодорхой мэдэгдэл гаргах нь зүйтэй байх. Энд ганц хүний биш бүхэл бүтэн улсын нэр гарч байгаа билээ. Гадаад хэргийн яамнаас тодорхой хариу мэдэгдэл хийхийг ард түмэн хүлээж байна.
Сэтгэгдэл (3)