
Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Франческа да Римини” балет ирэх ням гаригт буюу энэ сарын 16-ний 17.00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин амилах гэж байна. Франческа Да Римини балетыг Италийн их зохиолч Алигьери Дантегийн "Тэнгэрлэг комеди" гэсэн суут зохиолын тавдугаар дууллаас сэдэвлэн авч бүтээжээ. Франческа нь бодит хүн бөгөөд 1275 оны үед Риминий тайжуудын удирдагч Джотто Малатесийн гэргий хүчээр болж байжээ. Гэвч тэрээр нөхрийнхөө дүү Паолотой хайр сэтгэлтэй болсноос Джотто хоёуланг нь хөнөөж гэсгээсэн байна. Догшин ааш ариншин, аймшигт муухай төрх байдалтай Джоттотой албадан суулгасан Франческагийн эмгэнэл оршиж байсан бөгөөд үүнийг Данте дундад зууны шашны үзэл суртлын дарангуйлал, үр хүүхдийнхээ сэтгэлийг ч үл хайхран сурвалжит удам угсаа, хөрөнгө чинээгээ нэгтгэхийн эрмэлзэл байсныг Данте өөрийн цаг үеийн нэгэн бодит жишээгээр ийнхүү тусгажээ. Дантегийн зохиолын энэ хэсэг нь уран зураач, хөгжмийн зохиолч зэрэг олон үеийн уран бүтээлчдийн сэдэв болжээ. Дантегийн бүтээлээр сэдэвлэн бүтээгдсэн дүрслэх урлаг болон хөгжмийн бүтээлийн нөлөө балетын урлагт ч нөлөөлж эхэлжээ. Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский "Франческа да Римини" гэдэг уран сэтгэмжийн симфонийг анх 1877 онд Москва хотноо тоглуулжээ. Хэдийгээр өмнө нь Унгарын алдарт хөгжмийн зохиолч Б.Лист бас энэ сэдвээр симфони бичсэн боловч П.И.Чайковскийн симфони Дантегийн зохиолын санааг илүү гүн тусгасан гэдэг.
Тус балетыг анх Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1963 онд тоглож байсан бөгөөд бөлетмейстер А..Ч.Чичинадзе, О.Ганбаатар нар дэглэсэн байна. Харин 2009 онд театрын балетын гоцлооч, соёлын тэргүүний ажилтан Г.Батчимэг дэглэн дахин найруулж тайзнаа амилуулжээ.
Т.Энхлээ