
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзав. Өнөөдөр болсон тус уулзалтын үеэр тухайн улсын Элчид сайд нийслэлийн төвд "Парисын төв" байгуулах, "Парисын гудамж"-тай болох хүсэлтээ илэрхийллээ. Засаг дарга Э.Бат-Үүл хүсэлтийн хариуд "Түүх соёлын арвин өвтэй Парис хотын туршлага бидэнд чухал ач холбогдолтой. "Парис хотын соёлын төв", Парисын гудамжтай болох нь бид бүгдийн мөрөөдөл байсан. Тиймээс Парис хоттой өргөн хүрээнд хамтран ажиллаж, өөрсдийн зүгээс бүрэн дэмжлэг үзүүлж ажиллах болно" гэдгээ мэдэгдсэн юм.
Францын хөрөнгө оруулагч компаниуд ус цэвэршүүлэх болон метроны төсөлд нийслэлийнхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж. Энэ ажлын хүрээнд ирэх есдүгээр сард Парис хотын албаны төлөөлөгчид болон Архитекторын их сургуулийн арав гаруй оюутан Улаанбаатар хотод ирэх юм байна. Ингэхдээ "Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах зураглал"-д хамтран ажиллана хэмээн Нийслэлийн захирагчийн албанаас мэдээллээ.