
Өнөөдөр олимпийн өдөр тохиож байна. Энэ өдөр дэлхий нийт олимпийн медальтнуудаараа бахархдаг. Одоогоос 65 жилийн өмнө буюу 1948 оны нэгдүгээр сард Санкт-Морицед болсон ОУОХ-ны 42 дугаар чуулганаар жил бүрийн зургадугаар сарын 23-ныг олимпийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг. Учир нь 1894 оны эл өдөр барон Пьер де Кубертен Парист Олон улсын тамирчдын конгресс дээр алдарт илтгэлээ тавьж, орчин үеийн олимпийн наадмыг зохиох санал гаргасан нь олны дэмжлэгийг хүлээж, 1896 онд Грекийн Афин хотноо зуны олимпийн анхдугаар наадам зохиогдсон түүхтэй. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх ерөөлтэй олимпизм Монгол орны хөрсөнд соёолоод даруй тавь гаруй жилийн нүүр үзжээ.
Энэ хугацаанд манай улс Олон улсын олимпийн хороо (IOC)-нд, Азийн олимпийн зөвлөл (ОСА)-д тус тус элсэж, зуны 12, өвлийн 13 наадамд оролцсон байна. Тодруулбал байт харваа, бокс, буудлага, спортын гимнастик, дугуй, жүдо, хүндийг өргөлт, чөлөөт бөх, усан спорт, тэшүүр, цана зэрэг 11 төрлөөр өрсөлдөхдөө хоёр алт, есөн мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Ялангуяа “Бээжин-2008” олимпоос жүдоч Н.Түвшинбаяр, боксчин Э.Бадар-Ууган нар маань 44 жил хүлээсэн алтан медалийг хосоор нь авчирч, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.
Т.Энхэлээ