Хуурамч хувьцаа гарган иргэдийг хохироосон хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 2-5 жилийн хорих ял сонссон “Анод” банкны удирдлагуудын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хэлэлцэнэ.Хэргийг сөхөхөд, Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхээс Э.Гүр-Аранзад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, найман жил хорих ял оногдуулснаас 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар гурван жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон юм. Мөн шүүгдэгч Н.Даваа, Н.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял оногдуулснаас мөн гурван жилийг хасаж гурван жилийн ял оноосон. Түүнчлэн Ж.Гантулгад ЭХЕА-ийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3 зүйлд зааснаар нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2.1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэвч тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, ийнхүү гомдол гаргаад байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































