
Хуримлаж амжаагүй нас барсан охидын сүнсний тухай эртний зохиолоос сэдэвлэсэн А.Аданы “Жизель” балетыг маргааш Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглоно. 34 жилийн турш Монголын үзэгчдэд балетийн урлагийн гайхамшгийг таниулж ирсэн энэ бүтээл хамгийн анх 1841 онд Парисын “Гранд Опера”-д тоглосон түүхтэй. Энэ бямба гаригийн тоглолтын симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах юм. “Жизелийн дүрд Ч.Ганчимэг бүжиглэх бол Альберт гүний дүрийг О.Ганцоож бүтээнэ. Энэ жилээс эхлэн зуны турш тоглолттой байх болсон ДБЭТ-ын тайзнаа ням гаригт үндэсний сонгодгуудын нэг “Ламбугайн нулимс” заларна. Их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлээс сэдэвлэн ардын уран зохиолч БЛхагвасүрэн цомнолыг бичжээ. Энэ удаа дуурийн гол дүрд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт дуучин А.Сайнбаяр, гавьяат жүжигчин Ө.Уянга, ДБЭТ- ын гоцлооч Р.Доржхорлоо, Г.Шижирболд, Ч.Чинзориг, М.Дариймаа нар дуулна.
Д.Ундрах /24tsag.mn/