
Гурван бүлэг, зургаан явдалт уг дуурийг Монголын тайзнаа анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглож байсан түүхтэй. Дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар Б.Төмөрхуяг, удирдаачаар СТА Д.Нямдаш нар ажиллажээ. Харин гол дүр болох Лодонд баритон хоолойт, СТА А.Сайнбаяр, Цэрэнлхамд сопрано хоолойт МУГЖ Ө.Уянга, Цэрэнлхамын эхэд СТА Р.Доржхорлоо, Намнанд Г.Шижирболд нар тогложээ.
Монголын үндэсний дуурийн урын санд дэлхийн сонгодог дуурийн түвшинд бичигдсэн цорын ганц дуурь байдаг нь "Ламбугайн нулимс" юм. Х.Билэгжаргал агсан уг дуурийг одоогоос 27 жилийн өмнө бичихдээ Монголын орчин үеийн хөгжмийг дэлхийн хөгжмийн сонгодог стандартад хүргэсэн гэвэл маргах хүн гарахгүй байх.
Уг дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Их зохиолч Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" зохиолоор бичсэн юм. “Ламбугайн нулимс" богино өгүүллэгийг хүмүүс үзэхдээ ихэнхдээ бичигдсэн цаг үетэй нь холбож тайлбарлах нь бий. Утга зохиол судлаач шүүмжлэгчид инээдмийн зохиол гэх нэг хэсэг нь байхад зарим нь эмгэнэлт зохиол гэдэг. Энэ мэтчилэн хэвлэгдсэнээсээ хойш өгүүллэг нь мэргэжилтнүүдийн дунд маргаан дэгдээсээр ирсэн билээ.
M.Энхэлээ