
Төмөр замын дуу бүжгийн чуулга ардын дууны домгоос сэдэвлэсэн “Хандармаа” хэмээх шинэ хөгжимт дуурийг ирэх сарын 1-нээс эхлэн тоглох гэж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар МУСТА П.Баяраа, Хөгжмийн зохиолчоор С.Баатарсүх ажиллаж байгаа юм. Энэ дуурийг "Хандармаа" хэмээх ардын богино дуунаас сэдэвлэсэн бөгөөд домогт цэцэн цэлмэг оюун ухаан, зориг тэвчээрийнхээ хүчээр өөрийгөө хүн амины хэргээс мулталж чадсан монгол эмэгтэйн тухай гардаг. Уг домгийг баяжуулан хөгжимт дуурь болгосныг Төмөр замын дуу бүжгийн чуулга анх удаа тоглож байгаа нь энэ юм.