
Энэ жилийн фестивальд Английн Оксфордын их сургуулийн "Хертфорд" коллежийн өндөр төвшний баг урилгаар оролцож байгаа аж. Тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 17-нд Батлан хамгаалахын их сургуулийн баг "Хертфорд" коллежийн регбичидтэй тоглоно.
Сонирхуулахад 1823 онд Английн Регби хотын Уильям Уэбб Эллис гэх хүү хөлбөмбөгийн тэмцээний үеэр бөмбөгийг гартаа барин эсрэг талын хаалга руу авч гүйснээс санаа авч энэ спорт үүсчээ. Үүнээс хойш дунд сургуулиудын дунд болон Их дээд сургуулиудын дунд түгээмэл дэлгэрч, улмаар 1871 онд Англи болон Шотланд улсын шигшээ багуудын хооронд анхны олон улсын тэмцээн зохиогдсон байна. Харин манай улсад тэртээ арван жилийн өмнө Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Хонгконгийн дээд лигийн тоглогч Жэймс Вүүдтэй хамтарч Монголын Регбигийн холбоог байгуулснаар энэ спорт хөгжиж эхэлжээ.