Энэ зун урлагийнхан маань хаагуур амарч зугаалав. Бас ажилтай байсан хэд нь ямар уран бүтээлээр үзэгч түмнээ баярлуулав?. Урлаг соёлынхоны энэ зуны сонин хачнаас хуваалцацгаая.
Жүжигчин У.Уранчимэгийн хувьд энэ зун амарч чадаагүй аж. Харин уран бүтээлийн олз омог ихтэй байжээ. "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноныхоо зураг авалтыг хийж, одоо киногоо нээх том ажилтай тулжээ. Энэ сард багтааж нээх зорилготой байгаа учир нь их ажилтай гүйсээр байгаа аж. Тэгэхээр жүжигчин Урнаа маань энэ зун бараг л амарч чадаагүй уран бүтээлдээ хамаг цаг заваа зориулсан гэхэд болно. Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар ч ялгаагүй завгүй зуныг үдэж байгаа юм.
Дуучин Т.Ариунаагийн хувьд гэр бүлээрээ салхинд гарч, амралтын журмаар өнгөрүүлжээ. Эдний гэр бүл байгалийн үзэсгэлэнт газруудаар аялажээ. Харин намраас дуучин маань уран бүтээлийн ажилдаа орох аж. Мөн энэ жилдээ багтаагаад тоглолт хийх санаатай байгаа аж. Түүнчлэн ирэх сараас Т.Ариунаагийн шинэ уран бүтээл цацагдаж эхлэх юм.
Жүжигчин Л.Чаминчулуун зуны улирлыг ихэвчлэн зуслан дээр хүүхдүүд, ач, зээ нартайгаа өнгөрөөдөг. Одоогоор сувилалд амарч байгаа аж. Жилдээ нэг удаа явдаг юм байна. Ардын эмчилгээ хийлгэж эрүүл мэнддээ анхаардаг тэрбээр сувилалд хоног хононо гэсэн. Эмчилгээгээ дуусгаад хүүхдүүдийн хичээл эхлэх үеэр хот руу ирэх аж.
“X түц” продакшнаас өрх тусгаарласан жүжигчин Д.Түвшинтөр, С.Тэмүүжин,
Г.Нарансолонго нар “Эмоци" продакшн байгуулж өнгөрсөн хавар “Эрчүүдийг
уучил” тоглолтоо хийсэн. Тэгвэл хамгийн отгон хошин шогийн хамтлагийнхан энэ сарын турш орон нутагт тоглохоор болсон. Тодруулбал, тэд
Зүүнхараа, Дархан, Сэлэнгэ, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан, Увс,
Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайд тоглоод явж байгаа ба удахгүй Улаанбаатарт ирэх юм. Тэгэхээр тэд энэ зун ажил, тоглолт аль алийг нь л амжуулж яваа юм.



