Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ. Энэ сарын 17-ны Бямба гарагт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 1492 дуудлага ирснээс 31 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бүртгэн шалгаж байна. Үүнд аллага нэг, хүчингийн хэрэг хоёр, хулгайлах тав, танхайрах зургаа, зам тээврийн хэрэг 15, осол 19 бүртгэгдэж, 17 хүн гэмтэж, 1 хүн нас баржээ.Харин өчигдөр буюу ням гарагт гэмт хэргийн шинжтэй 33 үйлдэл бүртгэгдсэнээс 26-ынх нь эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 2, хүчиндэх 1, хулгайлах 5, дээрэмдэх 3, танхайрах 5, зам тээврийн хэрэг 12, осол 14 бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна.
Гарч байгаа гэмт хэргүүдээс хулгай, танхай, хүчингийн хэрэг буурахгүй байгаа тул иргэдийг санамсар болгоомжтой байхыг анхааруулж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14-р хороо "Нарантуул" захын зүүн хаалган дээр 2 сая төгрөгөө хулгайд алдсан хэрэг гарчээ. Мөн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд автомашинтай явж байсан 30 орчим насны эмэгтэй хүнийг 30 орчим настай залуу анхаарлыг нь сарниулж байгаад автомашин дотроос нь хоёр сая төгрөг, цүнхтэй эд зүйлтэй нь хулгайн авчээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































