
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өөрсдийн нэрний эхний үсгүүдээр нэрлэсэн "G.U.G" продакшныг байгуулсан бөгөөд анхны уран бүтээл нь "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны кино юм. Тэд энэ киногоороо нийгмийн харилцаа өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засгийн шилжих явцад хүмүүс бие биенээ хүндэтгэх, хайрлах, хүн ёсны зан үйлээс холдож байгаа өнөө үед хүний дотоод сэтгэл, хүн чанар, сэтгэлийн их тэнхээ, хүн хүнээ дээдлэх ариун нандин ёс хичнээн чухал болохыг харуулахыг зорьжээ.
Энэ киноны зохиолыг жүжигчин Д.Ганцэцэг МУГЖ У.Уранчимэгт зориулан бүтэн жил гаруй хугацаанд бичсэн байна. Харин киноны гол дүрд МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг, ҮДБЭЧ-ын бүжигчин МУСТА М.Бямбаа, жүжигчин н.Энхтүвшин, мэргэжлийн 90 гаруй жүжигчид оролцон тогложээ. Түүнчлэн залуу жүжигчин А.Ганчимэг энэхүү киноны зураг авалтаас болж ажлаасаа халагдсан гэх мэдээлэл олон нийтэд тархаад байсан юм.