
Энэ удаагийн ДАШТ-д 123 орны эрэгтэй 415, эмэгтэй 258 тамирчин дөрвөн өдрийн турш Рио де Жанейрогийн татамид хүч үзэв. Манай улсын хувьд эрэгтэй 10, эмэгтэй есөн тамирчин сойсноос нэг алт, нэг мөнгөн медаль хүртэж, гурван тамирчин тавдугаар байрт шалгарсан амжилтаар 123 орноос медалийн чанараар тавдугаарт эрэмбэлэгдлээ.
Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жиндээ түрүүлж, дэлхийн аварга болсон. Ингэснээр М.Уранцэцэг монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн аварга болсон анхны эмэгтэй жүдоч болсон юм. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж, Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн болсон билээ. М.Уранцэцэг Монголоос төрсөн анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч төдийгүй ДАШТ-нээс эх орондоо хоёр дахь алтан медалийг авчирлаа. Өмнө нь 2009 онд Голландад болсон ДАШТ-нээс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар аваргын алтан медаль хүртэж байсан юм.


Өнөөдөр 22:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхлэн 2013 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Монголын эрэгтэйчүүдийн жүдо бөхийн шигшээ Гүрж, Франц, Алжертай D хэсэгт сугалаа таарсан. Манай жүдочид эхлээд Алжерийн багтай учраа таарсан. Алжерийг ялсан тохиолдолд Гүрж, Францын ялсантай хэсгийн аваргын төлөө барилдах юм.
Харин манай эмэгтэй жүдочдийн хувьд Куба, Алжер, Нидерландын багуудтай В хэсэгт сугалаа татсан. Монголын жүдогийн эмэгтэй шигшээ баг эхлээд хүчирхэг Кубын багтай барилдаж, ялсан тохиолдолд нөгөө хоёрын ялагчтай хэсгийн аваргын төлөө барилдана.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)