
Малайзад хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяаг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сарын 23-нд болж өнгөрлөө. Энэ шүүх хурлаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн яллагдагч болох Малайзын Аюулгүй байдлын албаны хоёр ажилтаны давж заалдах өргөдлийг хянан хэлэлцсэн байна. Энэ шүүх хурал гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдсан аж. Малайзын холбооны давж заалдах шатны шүүхээс сэжигтнийг буруутгах хангалттай нотлох баримт байхгүй, аллага хийх санаа зорилготой байсан эсэхийг нотолж чадаагүй, хэрэг гарах үед сэжигтнүүд хэргийн газар байсан нь нотлогдоогүй гэх мэтээр найман үндэслэл зааж , 2009 оны дээд шүүхээс сэжигтнүүдийг цаазаар авах ялыг хүчингүй болгожээ. Тэгэхээр олон жил энэ хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, шүүхээс цаазаар авах ялын дээд хэмжээ аваад уг ялаа дөрвөн жил эдэлж байсан ялтнуудад холбогдох хэргийг тус улсын давж заалдах шүүх шударга шийдсэнгүй. Гэхдээ манай талд албан ёсны шүүхийн шийдвэр ирээгүй байгаа учир шүүхийн шийдвэрийг албан ёсоор манай талд өгөхийг хүсч Гадаад харицлааны яамны Консулын газраас Малайзын талд нот бичиг явуулсан аж.
Д.Ундрах /24tsag.mn/