
Мөнгөн харандаа хамтлаг нь 1984 оны 09 сарын 06-нд “Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн дэргэд барилгын салбарынхны анхны хамтлаг болон байгуулагдсан юм. Анхны гишүүд нь хамтлагийн ахлагч даралтат хөгжимчин Т.Түвшинтөр, гоцлол гитарчин Л.Энхбаяр, басс гитарчин Х.Эрдэнэбат, бөмбөрчин Ц.Алтангэрэл, дуучин Ц.Сэлэнгэцэцэг, ритм гитарчин Г.Ганбат нар байжээ. Тус хамтлагийн гишүүд нь “Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн инженер, техникийн ажилтан албан хаагч нар байсан бөгөөд санаа сэтгэл нэгдэн хамтлаг байгуулсан гэдэг. “Мөнгөн Харандаа” хэмээн нэрлэсэн нь барилгын зураг төслийн ажил хийхэд хэрэглэгддэг ажлын гол зэвсэг нь харандаа байсан учраас ингэж нэрлэсэн аж. Тэд 80-аад оны сүүлээр зах зээлийн шилжилт эхэлснээр хувийн хамтлаг байгуулах нь илүү ашигтай болсон учраас хамтлагаа тараасан байна.

