
Энэ үеэр хөдөө орон нутаг, нийслэлээс ирсэн эмч нар санал бодлоо хуваалцлаа. Орон нутгийн эмч нарын төлөөлөл болж Өвөрхангай аймгийн Өлзий сумын Эрүүл мэндийн нэгдлийн эмч Дашнасан санал дэвшүүлэхдээ, аймаг сумын эмч нар эрсдэл дунд ажиллаж байна. Эрсдэлийн санг цалингийн санд нь тодорхой хувиар тусгах боломж байгаа эсэх, цалин хөлсний асуудалд анхаарах цаг болсон хэмээлээ. Мөн тэрээр эрүүл мэндийн салбарынхан хүлцэнгүй байгаа нь хүний амь насыг сахин хамгаалж байгаа ажил мэргэжлийн онцлогтой холбоотой. Бид хүний эрүүл мэндийг үл тоон ажил хаяад байдаггүй ч асуудал шийдэгдэхгүй бол ийм арга хэмжээ авч болох юм, бид төрд дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй гэлээ.
Зөвлөлгөөнд оролцсон эрүүл мэндийн салбарын ажилчид Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг салбартаа зориулдаг болчихвол өнөөдөр тулгамдаад байгаа эрүүл мэндийн салбарынхны мөнгөний хараат байдал, ажилчдын цалин хөлс, хөдөлмөрөө үнэлүүлэх асуудал шийдэгдэх боломжтой гэж байв.
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр хүрэлцэн ирсэн эрүүл мэндийн байгууллагын удирлага, ажилтны төлөөлөгчид таван асуудлаар саналаа дэвшүүллээ. Үүнд,
1. Салбар хоорондын болон олон нийтийн төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх
2. Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн асуудал
3. Цалин хөлс, урамшуулал
4. Орон байр, орон сууц
5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэсэн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх санал зөвлөмжийг гаргалаа.
Энэхүү улсын зөвлөлгөөний үр дүнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах чиглэлээр байгууллагын ажил олгогч, хамт олны болон салбарын түвшинд тулгамдсан асуудлыг тодорхойлох, нийгмийн баталгааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх аргуудыг тодорхойлж, зөвлөмжийг холбогдох шийдвэр гаргагч нарт хүргүүлэхээр боллоо.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ салбарын ажилчидтайгаа байнгын холбоотой, байнгын мэдээлэлтэй, эргэх холбоотой ажиллах болно хэмээв хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.



