
Энэхүү нээлтийн үйл ажиллагааг ЭМЯ, БШУЯ, ХАХНХЯ, УНДЕГ, НҮБ-ийн Хүн амын сан, Монголын оюутны холбоо, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран, мөн их дээд сургууль, коллежуудын оюутнуудын оролцоотойгоор зохион байгуулав.
Нээлтийн ажлын хүрээнд хүрэлцэн ирсэн оюутнууд, иргэдэд НЭМГ-ын харьяа дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүд, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, Наркологийн эмнэлэг зэрэг байгууллагаас үнэгүй оношлогоо зарим төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байлаа. Түүнчлэн оюутнуудад үзлэг хийж зөвлөгөө өгөх, осол гэмтэл, хүсээгүй жирэмслэлт, БЗДХ/ХДХВ/ДОХ архи, тамхины хор хөнөөл зэрэг сэдвүүдээр мэдээлэл сургалт, сурталчилгаа явагдаж байна.
Мөн УНДЕГ-аас оюутнуудад эрүүл мэндийн даатгалд хамруулах, НМХГ-аас хуурамч эмээс сэргийлэх, эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг ч хүргэж байв.
Энэхүү нээлтийн үйл ажиллагаа 9 сарын 6-ны өдрийн 5 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын үйл ажиллагаа цаашид үргэлжлэх юм хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.



