
-Эхний гурван байрын титмийг таны шавь нар хүртлээ. Сэтгэгдэл маш өндөр байгаа байх?
-Монголын сайхан бүсгүй наадам энэ жил шударга, сайхан болж өнгөрлөө. Тэргүүн мисс Н.Ану, дэд байрын мисс Номин-Эрдэнэ, гуравдугаар мисс Баттогтох гурав бүгд миний шавь. Бас фото миссээр шалгарсан Батцэцэг гээд охин байгаа. Энэ тэмцээнд би таван шавиа бэлдэж оролцуулсан. Тэдний дөрөв нь шагнал хүртсэнд баяртай байна. Хүүхдүүддээ хайртай шүү. Багшийнхаа заасан бүхнийг сайн сурч, дуурсгах нэрээ өөрсдөө олж байгаад баяртай байна. Цааш цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.
-“Монгол модель" агентлагиас анх удаа монголын мисс төрөн гарлаа. Таньд баяр хүргье?
-Баярлалаа. “Монгол модель” агентлагаас анх удаа монголын мисс тодорч байгаад би үнэхээр баяртай байна. Гэхдээ энэ маш их хичээл зүтгэлээр олдсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Би “Монгол модель” гэдэг нэрийг өгөхдөө моделиуд маань ертөнцийн чихнээ Монгол гэдэг нэрийг дуурсгахыг бэлгэдэн өгсөн. “Монгол модель”-ийн хүүхдүүд өнөөдөр маш хүчтэй байлаа. Багшийн эрдэм шавиас гэдэг миний хүүхдүүд бүгдийг сайн хийсэн.
-Тэргүүн мисс Ану анх хэдэн настайдаа таны шавь болж байв? Зан чанарын хувьд ямар хүн бэ?
-Н.Ану анх 17 настай байхдаа миний шавь болж байлаа. Түүнээс хойш таван жил миний онц сайн шавь байсан. Н.Ануг хүмүүс “Говь” кашмерийн нүүр царай гэдгээр нь андахгүй. Манай Н.Ану бол ээжийн сайн охин, багшийн сайн шавь. Тэр маш дайчин. Аливаа юманд хичээл зүтгэлтэй, тэвчээртэй хандаж чаддаг. Нэг юм хийж эхэлсэн л бол дуусгаж байж салдаг хүүхэд.
24tsag.mn