Онцгой байдлын ерөнхий газрынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд хуурамч дуудлагын улмаас ажлаа дэмий алдсан байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу микроавтобусаар зорчиж явсан 42 настай М хэмээх иргэн “морь харна” хэмээн буугаад алга болжээ. Микроавтобусны жолооч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсний дагуу тус газрын алба хаагчид эрэн хайхад иргэн М Мандал суманд байх ээжийндээ очсон байсныг олжээ.Түүнчлэн энэ сарын 14-нд Улаанбаатар хотын “Хангай” дээд сургуулийн хэсэг оюутнууд Богд уулын Цэцээ гүн рүү аялж яваад замдаа 17 настай М алга болсныг мэджээ. Энэ дагуу ОБЕГ, Төв аймаг, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид тус өдрийн 18.00- 23.00 цаг хүртэл эрэн хайх ажиллагаа явуулжээ. Гэвч 17 настай М найз нөхдөө айлгах үүднээс замаасаа буцан гэртээ харьсан байсан байна. Тухайн иргэний ар гэрийнхэн мөн хайсан гэнэ.
ОБЕГ-аас иргэдийг хуурамч дуудлага өгөхгүй байхыг анхааруулж, хайхрамжгүй үйлдэл гаргасан иргэдэд хариуцлага хүлээлгэхээр болжээ.



















































