
“Эцсийн зогсоол ба зөвхөн чи” жүжиг найман дүртэй бөгөөд эмэгтэй гол дүрийн жүжигчин нь Ж.Оюундарь, эрэгтэй нь Л.Дэмидбаатар нар юм байна. Жүжигт нэгэн гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлэх ч гүн агуулгаараа хүмүүсийн өөрчлөлтийг харуулна. Ер нь сонгодог жүжгийн зохиол нэг орон зайд 72 хүртлэх цагт багтан өрнөж байгаа үйл явдлыг харуулдгаараа онцлогтой. Энэ жүжиг нэг орон зайд 3-4 цаг үргэлжилнэ.
УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар энэ жүжгийнхээ тухай ярихдаа “Орчин үеийн Франц, Английн зохиолыг бид монголчуудад үзүүлж байх хэрэгтэй юм байна. Өнөөдөр монголчууд бид хэтэрхий хэлбэрдээд аливаа зүйлийн агуулгыг анзаарахаа больжээ. Бүгд л үнэтэй брэнд хэрэглэж, жийп унаж, хэрэглэж чаддаггүй байсан ч хамаагүй хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас барихаар хошуурч байна. Эсвэл хамгийн үнэтэй торго, дурдангаар хийсэн чамин дээл, үнэт чулуун хөөрөг барих гэж өрсөлдөнө. Гэтэл энэ бол энгийн л хэрэглээ, нөгөө хэсэг нь бидний үндэсний уламжлал, бахархал шүү дээ. Энэ их хийрхлийг багасгахын тулд хүний оюун сэтгэлгээнд хандсан бүтээл хийх ёстой. Ийм учраас би энэ жүжгийг тавихыг хүссэн” гэжээ.