
Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театр нь У.Шекспирийн дараа бичигдэх сонгодог жүжгийн зохиолч хэмээн үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рейкуни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг тавих гэж байна. Энэхүү жүжиг нь найруулагч СТА Н.Наранбаатар найруулан “Эцсийн зогсоол зөвхөн чи” нэртэйгээр маргааш 20.00 цагаас үзэгч түмний хүртээл болгоход бэлэн болжээ. Энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Жүжгийн гол онцлог нь яриа гэхээсээ илүү бүжиг, орчин цагийн хэмнэлийг илүү тусгасан байна. Жүжгийн гол дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь,СТА Л.Дэмидбаатар,
Ц.Төмөрхуяг, Ц.Цэрэнболд,Д.Баттөмөр, Б.Отгонбат, Т.Хулан, Г.Отгонцэцэг,
Д.Ганцэцэг, залуу жүжигчин Б.Одончимэг, Б.Тамир, Т.Тогтохжаргал нар
тоглох юм.
Энэхүү жүжиг нь 3-4 цаг үргэлжлэх бөгөөд нэгэн гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлэх боловч гүн агуулгатай. Манай нийгэмд гэр бүлийн салалт ихэссэн, мөн гэр бүлийн үнэ цэнэ үгүй болж байгааг, энэ нь нийгэмд ямар хор уршигтайг залуучуудад ойлгуулж энэ амьдралын эцсийн зогсоол нь зөвхөн гэр бүл гэдгийг мэдрүүлэх зорилгоор бүтээгдэж буй мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээл болж чадсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/