
Ш.Эрдэнэбат нь тус Засаг даргийн орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа халаалтын үнийг үндэслэлгүйгээр 1800 төгрөг болгон нэмжээ. Энэхүү шийдвэрээс үүдэн 2008-2012 онд төсвийн 35 байгууллагад 800 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан байна. Мөн 2008 онд тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт баригдсан Шүтээний өндөрлөг цогцолборын ажлыг нээлттэй тендер зарлалгүйгээр “Монгол дайвин” ХХК, “Бизнес фокус” ХХК-тай ажил гүйцэтгэх 472 сая төгрөгийн гэрээ хууль бусаар байгуулж ажил гүйцэтгүүлсэн, мөн албан тушаалын байдлаа урвуулан хоёр жилийн өмнө аймгийн ИТХ-аас орон нутгийн төсвийн хөрөнгө 430 сая төгрөгөөр шинээр баригдахаар шийдвэрлэсэн Бугат сумын ЗДТГ-ын барилгын ажлыг хуучин барилга худалдан авах, засварлах гэж нэрийг өөрчлөн Нийтийн аж ахуйн үйлчилгээний 37 сая төгрөгөөр үнэлсэн хуучин барилгыг 100 сая төгрөгөөр худалдаж авах тухай аймгийн ИТХ-ын тогтоол гаргаж, 63 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан аж. Иймээс хэргийг уржигдар Говь-Алтай аймгийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (1)