
Насанд хүрэгчдийн 2013 оны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийн төлөө Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нар яг одоо сорил хийж байна. Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэх дүрмээр бол Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин Дэлхийн аваргад оролцох эрхтэй байдаг ч Монголын боксын холбооноос Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг /2013 оны УАШТ-д түрүүлсэн/ нарын дунд сорил явуулж, хэн ялсныг нь ДАШТ-д оролцуулахаар шийдвэрлээд байсан юм.
Энэ шийдвэртэй холбоотойгоор зарим тамирчин, дасгалжуулагчдын дунд үл ойлголцох байдал үүсч, У.Мөнх-Эрдэнэ “Сорил хийх шаардлагагүй” гэсэн мэдэгдэл хийгээд байсан ч холбооны удирдлагууд болон тамирчид ярилцаад өнөөдөр хоёр тамирчны дунд сорил хийхээр эцсийн байдлаар тогтоол гарсан юм.
Хоёр тамирчин хоёулаа бэлтгэлээ сайн хангасан талаар дасгалжуулагчид нь хэлж байна. Өнөөдрийн сорилд ялсан нэг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Т.Энхэлээ