Таван сонгууль дараалан ялагдал хүлээсэн МАН-ын Их хурал удахгүй болох гэж байна. Их хурлаараа “Урагшаа 21” гэсэн хөтөлбөр батлах гэж байгаагаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар мэдэгдэв. Харин тус намын “Шинэчлэлийн” гэх залуус “манай намын удирдлагууд 2021 он гэхэд бүгд урагшаа гараад явах юм байна л даа” хэмээн бичсэн мессежүүд цахим ертөнцөд ихээхэн тарав. Өөрөөр хэлбэл МАН-ын шинэ мессеж болох “Урагшаа”-г Шинэчлэлийн залуус эхэлж “унтраав”.
Угаасаа “Урагшаа” гэсэн мессеж Монголын хөрсөнд буухдаа учир дутагдалтайг олон зүйлээр тайлбарлаж болно. Юуны өмнө Монголчууд “Урагшаа явах уу?”, “Сая урагшаа яваад ирлээ”, “Урьд юм үнэ ороод байна”, “Урагшаа явах болоогүй ээ” гэх мэтээр Нарантуулын наймаачдын үг хэллэг олон зүйлийг бодогдуулна. Өөрөөр хэлбэл “Урагшаа” гэдэг бол зүг чигийн хувьд урьд хөршийг хэлээд байгаа хэрэг. Тэгэхээр утгын хувьд хөөж бодвол МАН-ын зарим дарга нар 2021 он гэхэд “шинэчлэлийн” залуусынх нь хэлдэгээр “Урагшаа” гараад явах нь л дээ гэж ойлгогдохоор мессежийг зохиосоноо удахгүй ард түмэндээ танилцуулах гэж байна.
МАН дахин 5 сонгуульд ялагдахын тулд “Урагшаа” хэмээн тунхаглаж байна
Монгол сэтгэхүйгээр МАН-ын шинэхэн мессеж болох “Урагшаа”-г залуу гишүүд нь ингэж тайлбарлаж байна. Харин PR-ийн
онол арга зүйн томьёололоор “Урагшаа”-г арай өөр хэлбэрээр тайлбарлах ёстой. “Урагшаа” (Forward) гэдэг мессеж бол АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн хамгийн сүүлд нэр дэвшихдээ хэрэглэсэн үндсэн томьёолол юм. Үүнийг батлах үй түмэн зураг, видео хувилбар интернэт хуудсаар дүүрэн бий. PR-ийн онолын хувьд улс төрийн ялсан хүчин хэрэглэж болдог үг хэллэг гэж бий. Бас ялсан хүчин хэрэглэхийг хориглодог үг хэллэг ч байдаг. PR-ийн энэ хууль ялагдсан хүчинд ч адилхан үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл ялсан, ялагдсан улс төрийн хүчин, лидерүүдэд тохирох, тохирохгүй агуулгатай мессежүүд байдаг гэсэн үг. Тэгвэл “Урагшаа” (Forward) хэмээх мессежийг улс төрийн ялсан хүчин амжилтаа бататгахын тулд хэрэглэдэг. Энэ үг нь амжилтаа хамгаалах, өмнөхөөсөө илүүд хүрэх, ялалтаа бататгах зорилгоор хэрэглэгддэг. Тийм ч учраас АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өмнөх дөрвөн жилд хийж хэрэгжүүлснээ бататгахын тулд, Америкийн хөгжлийг урагшлуулахын тулд “Урагшаа” хэмээх мессеж сонгосноо сонгуулийн үеэр тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл “Урагшаа” гэдэг мессеж бол ялсан, нэгдүгээр эгнээнд байгаа, амжилтанд хүрсэн улс төрийн хүчний хэрэглэдэг томьёолол юм.
Гэтэл таван сонгууль дараалан ялагдсан МАН “Урагшаа” хэмээн тунхаглах нь ихээхэн анхаарал татаж байна. Таван сонгууль дараалан ялагдчихаад “Урагшаа” хэмээн уриалаад байхаар дахиад л дараагийнхаа ялагдлын төлөө “Урагшаа” хэмээн орилоод байгаа дүр зураг шууд бууж байна. Өөрөөр хэлбэл МАН сүүлийн таван сонгуульд ялагдсан учир ямар нэгэн амжилтгүй байна. Ямар нэгэн амжилтгүй байж “Урагшаа” гээд байх нь нийгмийн элэг доог болно. Түүн дээр нь эрх баригч хүчин сайхан тоглолт үзүүлээд өгнө. Ингэхээр жинхэнэ утгаараа дараагийнхаа ялагдлын төлөө л “Урагшаа” гэж орилоод байгаа нь улам тодорно. Ийм учраас л PR-ийн онолоор ялсан улс төрийн хүчний мессежийг ялагдсан улс төрийн хүчин хэрэглэж болдоггүй хэмээн тайлбарладаг аж. Ийнхүү ялалтаа хамгаалсан Б.Обамагийн “Урагшаа” гэсэн уриа МАН-д тохирохгүй нь PR-ийн онолын хувьд харагдаж байна.
Орчин ахуй, монгол сэтгэлгээний хувьд ч амжилтад хүрэхгүй нь тодорхой аж. Дээр нь МАН “Урагшаа 2021” гэсэн хөтөлбөрөө удахгүй болох Их хурлаараа танилцуулж гэсэн. АН “Монгол хүн 2020” гэсэн хөтөлбөрийг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл АН-ын “2020” хэмээх томьёололыг бас л хуулбарлачихаж. Ингэхэд энэ намын нөгөө мундаг сэхээтнүүд нь хаана байна вэ? Монголын хамгийн том лидерүүд, алдартнууд энэ намд л байдаг гэж яригддаг. Тэд яагаад ийм юм хийгээд байхад нь таг дуугай сууна вэ? Энэ намын иймэрхүү “copy” бодлогыг хэн тодорхойлоод байна вэ? гэх мэт үй түмэн асуулт урган гарч байна.

Б.Баярмаа




















































Сэтгэгдэл (11)