
Амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 16, гал түймрийн зөрчлийн тав, цогцос гаргах нэг, мэдээллийн дөрвөн дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Ирсэн нийт гал түймрийн дуудлагын 75% буюу 12 дуудлагыг ил задгай асгасан хог шатсан дуудлага эзэлж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраажээ. Мөн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар байрны 1 дүгээр орцонд хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 2 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад жалганд овоолсон хог шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/