
Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн нутагт “Зул цэцэглэн” авто сургуулийн сургалтын машин осол гаргаж, гарцаар гарч явсан таван иргэнийг мөргөж гэмтээсэн. Тухайн үед автомашиныг тус жолооны курсийн сонсогч барьж явсан гэх боловч өөр эх сурвалжууд багш нь барьж явсан хэмээн шуугиад байсан. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн үед хамт байсан багшийг гадуур байцааж байна. Хохирогчдоос нэг иргэн гомдол гаргаж тухайн багшид эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Тэгэхээр тухайн үед осолд өртсөн таван иргэнээс дөрөв нь гомдолгүй гэж мэдүүлсэн ба нэг иргэн хүнд бэртсэн учир өргөдөл гаргасан байх. Ямартаа ч авто сургуульд сурч байгаа суралцагч ямар нэгэн осол гаргасан тохиолдолд жолооны багш нь түүний өмнөөс хариуцлага хүлээх ёстой байдаг. Энэ журмын дагуу багш нь хариуцлага хүлээх нь ойлгомжтой юм.
Д.Ундрах /24tsag.mn/