Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт 21 метр өндөр Бурхан багшийн сэрэг дүр бүтээхээр 2008 онд шавыг нь тавьж, барьж эхэлсэн билээ. Энэ ажлын нийт өртөг нь 4-5 тэрбум төгрөг гэж анх тооцоолсон байна. Ингээд иргэд, компаниудын хандиваар босгохоор төлөвлөсөн ч гол хандивлагч нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байсан аж. Улмаар үйлдвэрийн удирдлагын зөвлөлийн хурлаар 2.5 сая доллар буюу 2.8 тэрбум төгрөг баталж, уг сэрэг дүрийг зэсээр цутгахаар болсон гэдэг. Мөн энэ бүтээн байгуулалтад аймгийн төсвөөс жил бүр 200 гаруй сая төгрөг хуваарилж ирсэн байна. Гэвч анх тооцоолсноос илүү зардал гарах болжээ. Тиймээс өнгөрсөн онд дахиад 250 сая төгрөгийг төсөвлөн зарцуулжээ.Гэвч энэ төсөлд зарцуулах ёстой хөрөнгийг үр ашиггүй, хууль бусаар цацаж байсан нь шалгалтаар тогтоогджээ. Тус аймгийн Аудитын газраас “Бурхан багшийн сэрэг дүр “Эрдэнэт” цогцолбор” буюу түүний ашиглалтын өмнөх захиргааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Шалгалтаар 4.2 тэрбум төгрөгийг ямар ч хяналтгүй зарцуулсныг тогтоожээ. Улмаар улс, орон нутгийн болон гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хянах, цогцолборт зарцуулахаар авсан ном судар, арцыг ашиглаж болох эсэхийг тодорхойлох, зарж борлуулах, дутуу ажлыг гүйцэтгэгч байгууллагаар үргэлжлүүлэн хийлгэх, гүйцэтгэгч “Хуанлу Хуантун” болон “Дархан строй” компаниас урьдчилгаа болгож авсан мөнгийг барагдуулах шаардлагыг Ашиглалтын өмнөх захиргаанд өгсөн аж. Түүнээс гадна нэг байгууллагад 15.1 сая төгрөг шилжүүлэх ёстой атал дөрвөн сая төгрөг илүү шилжүүлснийг тогтоосон аж. Энэ мэтээр иргэд, байгууллагын хандивын хөрөнгийг хяналтгүй, үр ашиггүй зарцуулсан, ямар ч төлөвлөгөөгүйгээр их хэмжээний арц хүж, ном худалдан авч “шахааны бизнес” хийсэн нь тодорхой болсон гэнэ.
Одоогоор Орхон аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Ашиглалтын өмнөх захиргааны удирдах албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж буй аж.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)