Казахстан улсын иргэн биедээ 200 гр хар тамхи нууж оруулж ирсэн хэрэг өнгөрсөн сард гарч, хууль хяналтынхан саатуулан цагдан хорьсон билээ. Түүнийг онгоцноос буухад нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид шалгажээ. Учир нь, зорчигчийн нүдний хүүхэн хараа томорч гөлийсөн байдалтай байсан бөгөөд нүүр хүзүү нь улайсан, маш их хөлөрсөн байжээ.Иймээс казах эрийг тусгаарлах өрөөнд оруулж, авч явсан тээш, хувцсыг нь шалгасан байна. Ингэснээр биедээ авч явсан 200 гр орчим үл мэдэгдэх бодисыг нь мансууруулах төрлийн бодис байж болзошгүй хэмээн хураан авч лабораторид шинжлүүлэн хар тамхи болохыг нь тогтоосон аж. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































