
Тэгвэл тэднийг батлан даалтад гаргаж, гадуур байцаалт авахаар болсон байна.
Тодруулбал, тус компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Су Мин нарын хоёр хүнийг татвараас зайлсхийсэн, авлига өгсөн гэх үндэслэлээр хэрэгт холбогдуулан цагдан хориод байсан билээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүдийн эрүүл мэндийн байдал муудсан учраас өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргажээ.
Тус компанийн Монгол дахь захирал нь Өвөрмонгол хүн байдаг бөгөөд түүнийг өмнө нь нэг сая ам.доллар буюу 1.5 тэрбум орчим төгрөгийг барьцаа хөрөнгө болгон авч батлан даалтад гаргаж байсан билээ.
Авлигатай тэмцэх газар /АТГ/ -ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбатын хэлснээр уг компанитай холбоотойгоор Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийг хүүтэй нь, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч н.Бямбасүрэн нарыг өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн байгаа.
Тэднийг их хэмжээний хахууль авсан, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэжээ.
“ZTE”-гийн хэрэгт Монголын талаас холбогдсон дээрх эрхмүүдийн хувьд ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлдүүлсэн, Ч.Гансүхийн аав н.Чимидийн төгрөгийн дансаар нэг тэрбум 200 гаруй сая төгрөг, ам.долларын дансаар нэг сая гаруй ам.доллартай болохыг тогтоосон байна. Мөн түүний бас нэг хүү АНУ-д суралцаж байх үеэр түүний дансаар нэг сая гаруй ам.доллар эргэлдүүлж байжээ. “ZTE” Монголд нэлээд томоохон төслүүд дээр ажилласан. Эдгээрт ногдох татварын асуудлыг Ч.Гансүх ажил үүргийнхээ хуваарийн дагуу оролцож, шалгаж байсан гэдгийг АТГ-ын албаны хүн хэлж байна.