Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Viva sity” хотхонд танк эсэргүүцэгч сумны хошуу байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэдээс өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад сумны хошуу байсан нь үнэн байсан аж. Энэ дээр Зэвсэгт хүчний жанжин штабаас зэвсгийн шинжээч авчирж шинжлүүлэхэд тухайн танк эсэргүүцэгч сум нь 1971 онд үйлдвэрлэгдсэн сургалтын аюулгүй болсон сумны хошуу байсан байна. Улмаар цагдаагийн байгууллага тухайн зүйлийг хураан авч холбогдогч этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгчөөс лавлалаа.-Иргэний өмчлөлд байсан гэсэн үг үү?
-Тийм. Айлын гэрт тавьсан байсан. Иргэний мэдээллээр очиж шалгаж авсан.
-Сургалтын зүйл олдсон байхад эрүүгийн хэрэг үүсгэдэг юм уу?
-Сургалтын байлаа ч гэсэн танкны эсэргүүцэгч сум иргэн ашиглаж болохгүй. Монгол Улсын хуулинд зөвшөөрөөгүй галт зэвсэгт тооцогддог. Зэвсгийг ангийн зориулалтаар, спортын зориулалтаар, бэлэг дурсгалын зориулалтаар хадгалж болно гэж байгаа ч танк эсэргүүцэгчийг хадгалж болно гэсэн заалт байхгүй. Тиймээс хууль зөрчсөн гэж үзэж шалгах хэрэгтэй. Хаанаас авсан, хэн өгсөн, хэчнээн ширхэг эсэргүүцэгч сум байгаа гэдгийг шалгах шаардлагатай юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































