
Гадаадынхан Хятадын жуулчдыг яагаад үзэн яддаг вэ
Өнгөрсөн долдугаар сарын 26-нд жуулчдын хоол ундтай холбоотой хоёрын хоёр мэдээ дэлхий нийтийн анхаарлыг татав. Юуны өмнө, Параселийн арлуудад амарч явсан Хятадын жуулчид тридакна хэмээх ховор зүйлийн далайн нялцгай биетнээр хийсэн хоолныхоо зургийг нийтэлжээ. Тэгвэл дараахан нь Грект амарч байсан хятад эр эм хоёр мөн нэн ховор зүйлийн зургаан тэмтрүүлт наймаалжтай зургаа авахуулснаа тараасан бөгөөд дараа нь уг амьтныг нядалж, ойролцоох зоогийн газарт шарж идсэн байна. Түүхэнд энэ зүйлийн наймаалж ердөө хоёр дахь удаагаа олдсон нь энэ юм. Улмаар энэ хоёр явдал хятад үндэстний араншин, соёлын түвшний талаарх өргөн хэлэлцүүлгийн сэдэв болов.
Үсрэнгүй урагшлан хөгжиж буй Хятад улсын өдий төдий ололт амжилтын дунд нэг гайхмаар зүйл байгаа нь тэд олон улсын жуулчлалын орон зайд хүч түрэн орж ирж буй явдал юм. Ердөө хориодхон жилийн өмнө хятадуудын үнэмлэхүй дийлэнх нь гадаад паспорт авах нь байтугай, ийм бололцоо олдоно гэж боддог ч үгүй байлаа. Гэтэл өнөөдөр юу болов? Хятадын Засгийн газрын “China Daily” сонин “Хорвоогийн есөн гайхамшгийг явж үзэцгээе!” гэсэн гарчигтай зурагт өгүүлэл нийтлэх нь энгийн үзэгдэл болж “Condе Nast Traveler”, “Travel+Leisure” зэрэг жуулчлалын сэдвээрх зузаан зузаан өнгөт сэтгүүлүүд гудамжин дахь хэвлэлийн лангуунаа нүд алаглана. Аяллын цүнх, чемоданы дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч “Samsonite”-ын Хятад дахь борлуулалт өнгөрсөн онд 20 хувиар өсчээ. Энэ хорвоо гадаадад жуулчилж яваа нэг ч хятад хүний бараа харалгүй хагас зуун өнгөрөөд удаагүй байхад буюу ирэх жил гэхэд гадаадад жуулчилсан Хятадын иргэд 100 саяд хүрэх нь. Хамгийн гол нь, хятад хүнтэй одоо танилцаж буй гадаад ертөнц ингэснээрээ нэлээд амаргүй юм үзэх нь ээ.
“Гадаадад яваа ондоо орны жуулчид жорлонд ороод гарахдаа өөрөөсөө өмнө тэнд хэн орсныг огт мэддэггүй. Тэгвэл жорлонд ороход хөдөө тосгоны бараан зах үнэртэж байвал хятад хүн орсон юм байна гэж мэддэг нь ямар учиртай вэ?” “Эрх чөлөө үзсэн гахайн сүрэг буюу Хятадын жуулчид” гэсэн нэртэй номдоо, сэтгүүлч Ван Юньмэй яг энэ асуултыг тавьжээ. 92 нуудастай энэ номын бүлгүүдийг “Гахайн сүрэг онгоцны буудалд”, “Гахайн сүрэг”ресторанд, “Гахайн сүрэг жорлонд”, “Гахайн сүрэг дэлгүүрт”, “Гахайн сүрэг онгоцонд”, “Гахайн сүрэг аян замд” гэхчлэн гарчигласан нь хүүхдийн ном гэж андуурмаар бөгөөд хятадууд гадаадад явахдаа хориотой газар тамхи татдагаас авахуулаад гүйдэг шатан дээр хажуугаар нь хүн өнгөрөх аргагүйгээр шавааралддаг гэх мэт байж болох бүхий л шударга шүүмжлэлийг өрнүүлсэн байна. Англиар ярих нь туйлын ховор хятад жуулчдын багийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох хөтөч-хэлмэрчдийн тухай ч Ван Юньмэй орхилгүй нэг бүлэг болгон оруулахдаа тэднийг “гахай маллагч” хэмээн нэрлэжээ. Хятад жуулчдын хөтчүүд өмнө нь ч сэтгүүлчдийн онцгой анхаарлыг татсан удаатай бөгөөд Америкийн “The New Yorker” сэтгүүлийн Хятад дахь сурвалжлагч Эван Оснос 2011 онд хятадуудтай Европоор аялж бичсэн туйлын сонирхолтой номдоо тэднийг “фелдьмаршалууд” гэсэн билээ.
Утсаар нэлээд удаан ярилцах үеэрээ Ван Юньмэй надад хэлэхдээ, 2011 онд Австралийн нэг зохиолчийн хүүхдийн номыг орчуулж байхдаа “Эрх чөлөө үзсэн гахайн сүрэг” номыг бичих санаа төрсөн гэсэн юм. “Хятадын жуулчдын ямар хэцүүг би тэр зохиолчид ярьтал, зовлон тоочоод байхын оронд энэ санаагаа ном болго гэж зөвлөсөн юм. Гахайн сүрэг гэдэг нэр маань хятадуудыг бүгдийг хэлсэн хэрэг биш, өөрсдийгөө гахайнаас өөрцгүй авч явдаг хүмүүсийг л зүйрлэсэн гэдэг нь ойлгогдохоор бичихийг бодсон” гэж тэрбээр ярьсан билээ.
2008 оны зургадугаар сарын 27-нд Лос-Анжелес хотод онгоцноос буусан 250 гаруй жуулчны бүгдийн ижилссэн богино цамцан дээр “АНУ-д ирж буй Хятадын анхны жуулчдын баг” хэмээн бичсэн байлаа. Нэг сарын дараа “New York Daily News” сонин эхний нүүрээ “Хятадын жуулчид Нью-Йоркийг эзэллээ” гэсэн гарчигтай гаргасан юм. Мөн тэр зун Холливүүд Зөвлөлтийн түрэмгийлэгчид Америкт цөмрөн Дэлхийн III дайныг эхлүүлж буй үйл явдалтайгаар 1984 онд бүтээсэн “Red Dawn” (Үүрийн улаан гэгээ) суртал ухуулгын киноны шинэ хувилбарын зургийг авч эхэлсэн бөгөөд энэ удаад түрэмгийлэгчээр нь Хятадыг сонгосон билээ. Кино дэлгэцэнд гарсан 2013 онд Хятадын жуулчид нэг хүний гаргадаг зардлынхаа хэмжээгээр Калифорни мужид нэгдүгээрт жагссан юм.
1983 онд Хятадын Засгийн газар найз нөхөд, хамаатан садангууд дээрээ очихын тулд Хонконгод жуулчдын баг болж зохион байгуулагдан очих боломжийг иргэддээ олгосон түүхтэй. Улмаар 1991 онд Малайз, Сингапур, Тайландад мөн багаараа жуулчлан очихыг зөвшөөрсөн бол зургаан жилийн дараа гадаадад чөлөөтэй зорчих эрхийг нь бүрэн нээж өгсөн билээ. Үүнээс өмнө хятадууд сургалтанд суух, арилжаа наймааны хэргээр л гадаадад явах эрхтэй байсан боловч шаардлагатай бичиг баримт олж авахад туйлын төвөгтэй байв. 1997 оноос АНУ, Европт зорчих бололцоо хятад хүн бүрт онолын хувьд нээлттэй болсон хэдий ч эхэн үедээ бол нэлээд хөрөнгөтэй, эсвэл дээгүүр танил сайтай хүмүүс л ингэж чадаж байсан юм. Гэвч яван явсаар 2000 он гэхэд хятадууд хилийн чанадад 10 сая удаа зорчдог болжээ. 2008 онд хийсэн гэрээгээр хятадууд нэмж нэлээд хэдэн оронд багаараа жуулчлах бололцоотой болов. Авчирсан хүнээ нутагт нь найдвартай буцаах үүргийг жуулчлалын компаниудад хариуцуулснаар АНУ зэрэг орон жуулчлалын виз авсан хятадуудыг “харлаж” үлдэх вий гэж айх шаардлагагүй болсон юм.
2012 онд гадаадад зорчсон Хятадын жуулчдын тоо 83 саяд хүрсэн бол өнөө жил 100 саяас давна. Хятадын жуулчны байгууллагуудын дүн мэдээгээр, өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д зорчих жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 120 хувиар өссөн бол үнэ нь 20 хувиар нэмэгдсэн хэдий ч, Европын орнуудад жуулчлах эрхийн бичиг бүрэн борлогджээ.
Ван Юньмэйн нэгэн адилаар Хятадын жуулчдад сэтгэл дундуур байдаг олон хүн сайхь үгээрээ энэ үндэстнийг бүхэлд нь шүүмжилж байгаа хэрэг биш гэдгээ хэлж байна. Хятад жуулчдын заавал муу муухайг тоочихгүйгээр бүхэлд нь энэ том орон зайн талаар өгүүлж буй бүхий л нийтлэл тоогоор дүүрэн. Тэд жуулчлалд хэдийг үрдэг вэ? (Нэг хүнд ноогдох дундаж зарлага нь бусад аль ч үндэстнээс их), Тэд хэдүүлээ вэ? (Удахгүй 100 саяас давж цаашид ч нэмэгдэнэ) Бээжингээс бэлтгэсэн Э.Осносын сурвалжлагад зөв зүйтэй өгүүлсэнчлэн “Хятадын амьдралын олон талт байдал нь, энэ том сэдвийн баялаг агуулгыг логик дэс дараанд оруулж хайрцаглахад хүндрэл учруулдаг. Эрчимтэй өрнөж буй энэ өөрчлөлт хөдөлгөөнийг бололцооны хэрээр эмхэлж харахын тулд одоохондоо тоонд л найдахаас өөр аргагүй” юм. Тодорхой хүмүүс, тэдний тодорхой үйлдлийг хойш нь тавиад зөвхөн тоо баримтыг иш үндэс болгож харахад л энэ тоо өөртөө туйлын ноцтой аюулыг агуулж байгаа нь илт мэдэгдэнэ.
Ховор зүйлийн далайн амьтан хятад жуулчдын ходоодонд орсон тухай нийтлэлийг “South China Morning Post” сонины сурвалжлагч Эми Ли бичсэн юм. Өмнө нь Нью-Йоркийн сонинд гэмт хэргийн сэдвээр бичдэг байгаад “Reuters”-ийн редактор болсон Эми Ли “South China Morning Post” сонинд сүүлийн хэдэн жил гараагүй шуугиан тарьсан нийтлэл бичсэн нь “Хятадын жуулчид яагаад ийм бүдүүлэг байдаг вэ? Энэ талаарх хэдэн бодрол” гэсэн гарчигтай байв. Наймдугаар сарын гурванд нийтлэгдсэн энэ нийтлэл “South China Morning Post” сонины хамгийн их уншигдсан таван материалын тоонд одоо ч хэвээрээ явж байна. Энэ хэвээрээ удах ч биз.
Хятадын жуулчдын тухай бичсэн нийтлэлийнх нь тухайд зарим зүйлийг асуухад Эми Ли тэдний талаар дэлхий нийтэд түгж, өргөн хэлэлцүүлгийн сэдэв болоод буй ойлголтыг өнгөцхөн гэж үздэгээ хэлээд “Хятад жуулчид тооны хувьд улам олон болсоор, үүнийг нь болиулах арга үгүй учраас л тэд шүүмжлэлийн бай болж байгаа юм” гэсэн билээ. Хятадуудын биеэ авч явдаг байдлын талаар “South China Morning Post” сонинд бичсэн өгүүлэл нь яагаад тэгж шуугиан дэгдээснийг тэрбээр ойлгохгүй байгаа гэнэ. Наймдугаар сарын таванд энэ сонин “Хойд Солонгос улс Хятадын бүдүүлэг жуулчдын аргыг хэрхэн олж байна вэ?” гэсэн өгүүлэл нийтэлсэн нь гал дээр тос нэмсэн байж болох юм.
“South China Morning Post” сонины энэ сэдвээрх нийтлэлүүд олны талархлыг хүлээдгийн учир юунд байна вэ? Нэг талаасаа бол энэ нь Хятад орон, түүний соёлын талаар олон хүний цээжинд хэдийнээс бугшсан бодлын үнэн болохыг тэдгээр нийтлэл нотолж байгаатай холбоотой юм. Мөн энэ талаарх санал сэтгэгдлээ хүмүүс хоорондоо хуваалцдаг интернэт хэмээх өргөн талбар буй нь дээрхийн нэг шалтгаан аргагүй мөн билээ. Нийтлэл уншсан хүмүүсийн сэтгэгдэл Хятадын талаарх муу муухай үгээр дүүрэн бөгөөд өөр өөрт тохиолдсон аймаар явдлаас авахуулаад Хятадын эдийн засгийн хүчирхэгжилтийн аюул заналын асуудлыг хүртэл хөндөнө.
“Эрх чөлөө үзсэн гахайн сүрэг буюу Хятадын жуулчид” номыг бичсэн Ван Юньмэй ч өөрт тохиолдсон олон тиймэрхүү явдлыг тоочихоо мартаагүй юм. Тэрнээс цаашхийг нь уншья гэсэн хүн бол Tripadvisor.com сайтын хайлтын хэсэгт “Хятадын жуулчид” гэж оруулаад үзэхэд далай шиг юман дотор орж явчихна. Энд жуулчид Индонезийн Ява, Америкийн Виржини, Францын Анси, Шинэ Зеландын Крайстчөөч, Кенийн Найроби гээд энэ хорвоогийн өнцөг булан бүрт хятадуудтай таарч, дотор нь муухайрч явснаа бичсэн байх бөгөөд наад зах нь л “Хятад жуулчидтай нэг автобусанд суучихсан чинь захын нэг муу заан харлаа гэхэд л бүгдээрээ нэгэн дуугаар муухай орилохыг яана, би яасан азгүй хүн бэ!” гэх жишээтэй.
“South China Morning Post” сонины ийм өгүүллүүд уншигчдын санаанд их нийцдэг нь бас ч учиртай. Энэ сонин гардаг Хонконг нь эх газрын Хятадтай ойр бөгөөд хонконгчууд БНХАУ-д юу юугүй залгиулах вий гэдэг байнгын айдастай байдаг улс юм. (Умар зүгээс царцааны нүүдэл айсуйг сануулсан ухуулгын самбарыг Хонконгод 2012 онд байрлуулсны зургийг үзүүлэв)
Гэхдээ Хятадын жуулчид гэдэг сэдвийн хэлэлцүүлэг ертөнцийн нөгөө бөөрөнд ч өрнүүн байдгийн учрыг эдгээр үндэслэлүүдээр тайлбарлах аргагүй байна. Өнгөрсөн сард Америкийн нэртэй блоггер, зохиогч Эндрю Салливаны “The Daily Dish” блогт Крис Боденнер гэдэг хүн “Хятадын жуулчид яагаад ийм муу нэртэй байдаг вэ?” гэсэн өгүүлэл оруулжээ. Улмаар энэ сэдвийг хөндсөн түүний нэг биш, бүр долоон өгүүлэл уг блогт дараалан тавигдаж Tripadvisor.com-ынх шиг муу муухай үгтэй үй түмэн сэтгэгдэл араасаа дагуулах нь тэр. Сүүлийн өгүүлэлдээ К.Боденнер “Дэлхийн жуулчлалын зах зээлд үй олноороо гарахад хүрэлцэхүйц цэвэр орлоготой дундаж анги бүхий баян орон болохын төлөө Хятад улс үсрэнгүй урагшилж буйн тусгал нь жуулчдынх нь бүдүүлэг байдал гэсэн хэлбэрээр харагдаж байна” гэжээ. Зохиогч ингээд дуусалгүй баахан эрээгүй тайлбар хийхдээ, өөрийн бичсэн өгүүллүүдийг “Хятадад нэг ёсондоо хүндэтгэл үзүүлж байгаа минь энэ” гэсэн байна.
“Гахайн сүрэг”-ийг бичсэн Ван овогтын нэгэн адилаар К.Боденнер асуудлыг олон талаас нь хэлэлцүүлэх зорилгоор дэвшүүлэн тавьсан байж болох ч нэг хэсэг хүний гомдол дээр хэт анхаарал төвлөрүүлэн түүнийгээ хурцатгах нь Хятад болон хятадуудтай холбоотой асуудлаарх аливаа хэлэлцүүлгийг нэг хэвийн хайрцганд оруулж, улмаар үндэстэн хоорондын үл ойлголцлыг л гүнзгийрүүлэх нь зайлшгүй билээ.
---
Хаа явсан газраа нус цэрээ хаядаг хятадуудын зуршлын талаар миний шулуухан тавьсан асуултад Ван хариулахдаа, энэ зуршлыг тэдний юу юунаас нь ч илүү үзэн яддаг гэдгээ хэлээд “Жуулчдад зориулсан “Lonely Planet” гарын авлагыг гаргадаг нэг хүн бичихдээ “Хятадууд энэ муухай зуршлаасаа салбал энэ хорвоод өч төчнөөн өвчин арилж үгүй болно” гэсэн” хэмээн ярив.
Хятадын талаар бичсэн зохиогч бүр тэдний энэ зуршлыг хөнддөг нь ёс болжээ. Өөрийн намтраа бичсэн хоёр ч хүн (Лианна Адамс. “Сайхан хүүхний хаясан шүлс: Хятадад аж төрсөн америк бүсгүйн тэмдэглэл”, Скотт Кэлли. “Шүлсээ хаях ч завгүй”) номынхоо гарчигт “шүлс” гэдэг үгийг оруулсан нь харагдана. Баруунд Хятадын нийгмийг шүүмжлэх том шалтгаан болдог нэг зүйл нь энэ чухам мөн төдийгүй Хятад дотроо ч арай соёлтой гэж өөрсдийгөө үздэг хэсэг нь энэ зуршилд гадаадынхнаас ч бараг илүү дургүй нь хүрдэг. Чан Кайшийн эхнэр, Америкийн Уэслиэний их сургуульд боловсрол олсон Сун Мэйлиний эхлүүлсэн “Шинэ амьдралын төлөө” хөдөлгөөний нэг гол зорилго нь энэ зуршлыг үндсээр нь үгүй хийх явдал байв. Хятадын төрийн дээрээсээ гурав дахь өндөр албан тушаалтан, Төрийн зөвлөлийн дэд сайд Ван Ян өнгөрсөн тавдугаар сард үг хэлэхдээ Хятадын жуулчдын зарим “бүдүүлэг авир”-ын талаар хөндөх тэр үед, нус цэр хаях тухай асуудал нь урвуу хамаарлаараа намч зарчимч байх асуудалтай салшгүй холбоотой юм шиг санагдаж билээ. Ямарваа нэг яриан дундуур энэ сэдвийг хөндөх үе гарвал би Мао Зэдун, Ричард Никсон хоёрын хөөрөлдөж суугаа нэг зураг байдгийг нөгөө хүндээ хэлдэг бөгөөд тэр зурган дээр Хятадын удирдагчийн хөл доор шүлсний сав тавиатай байгаа нь харагддаг.
АНУ-ын Айдахо мужийн “Lewiston Morning Tribune” сонины нэг өгүүлэл “Шүлсний савны эрин үе төгсөж байна” гэсэн гарчигтайгаар гарч байж билээ. Тэр нь тус мужийн тойргийн шүүхийн байранд тавиатай байдаг шүлсний зэс савыг зайлуулахаар болсон тухай өгүүлэл юм. “Зарим албан газрууд тухайлбал тойргийн шүүхийн хуралдааны танхимд шүлсний сав өнөөг хүртэл “хүндэт байраа” эзэлсээр байна” гэж бичсэн тэр өгүүлэл 1951 оны зургадугаар сарын 17-нд гарч байжээ. Орегон мужийн “Eugene-Register Guard” сонин 1967 оны зургадугаар сарын нэг дугаартаа “Шүлсний сав ер нь юунд хэрэгтэй юм бэ гэж хүүхэд тань асуувал өөрөө юу гэж хэлэх вэ?” гэсэн гарчигтай өгүүлэл гаргаж байв. Милуоки мужийн “Milwaukee Journal” сонины мэдээний албаны өрөөнд 1974 он хүртэл шүлсний сав байсан бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Ричард Никсон Хятадад айлчлаад даруй хоёр жил өнгөрөөд байсан үе юм. Парисын метроны оператор, Францын төрийн мэдлийн “Rеgie Autonome des Transports Parisiens” компани өнгөрсөн жил үйлчлүүлэгчдийнхээ соёлч боловсон байдлыг дээшлүүлэх зорилгоор, амьтны дүр төрхийг ашигласан нийгмийн рекламны өргөн далайцтай кампанийг өрнүүлсэн бөгөөд тэдгээрийн нэг нь “Таарсан газраа шүлсээ бүү хая. Гахай гэдэг адгуус л нэг иймэрхүү аягладаг” гэсэн утгатай байлаа.
Гэхдээ л “шүлсээ хаядаг” зан нь бараг байгалийнх гэж хятадуудыг үздэг бусдын үнэлэмж хэзээнээсээ хавьгүй амь бөхтэй юм. Хятадууд хааяагүй шүлсээ хаяж явдаг нь яахын аргагүй үнэн боловч, Дундад улсын талаар барагтайхан мэдлэгтэй хүмүүс хятад хүний талаар юу мэдэх вэ гэхээр, энэ зуршлаас нь өөр зүйлийг хэлж бараг чаддаггүй нь тэрхүү үнэлэмж амь бөхтэй байхын нэг үндэс болдог билээ. Хятадын соёлын талаар ямар ч атгаг санаагүй энгийн нэг яриа хөөрөөний дундуур ч, тэдний шүлсээ хаядаг тухай бараг заавал хөндөгддөг бөгөөд Хятадын соёлыг огт мэдэхгүй, мөн л ямар ч атгаг санаагүйгээр бичсэн наад захын ном зохиолоос л тэдний шүлсээ хаядаг гэдгийг уншиж мэдэж авсан хүмүүс хүртэл хятад гэхээр л, энэ зуршлыг нь ёс мэт дурсдаг нь үнэн юм. Миний хувьд үүнтэй харьцуулалт хийх дуртай нэг жишээ байдгаа энд дурьдая. Гэхдээ төгс жишээ биш ч байж болно. Америкчууд өмд өмсөхдөө арыг нь хэргээр доошлуулаад дотоожоо цухуйлгачихсан явах дуртай. Үүнийг гадаад орнуудад хэрхэн хүлээж авдаг бол? Зарим нь бол тоодоггүй л байх. Харин нөгөө зарим нь?
Өөдлөн дэвжих ирээдүйтэй гэдгээ хэдийнэ ойлгосон хятадууд бусдын л адилаар өөрсөддөө шүүмжлэлтэй хандаж байна. Үүний зэрэгцээ тэдний олонх нь гадаад ертөнц өөрийг нь хүн хүнээс ондоогоор хүлээн авч хандаж буйтай тулгаруутаа яахаа мэдэхгүй гайхаж байгаа юм. Хорвоо дэлхийн хамаг баялаг Хятад руу цутгаж, хятад хүний халаасыг түнтийлгэж байхад дэлхий дахин өөрийг нь хүндэтгэхгүй байгаад хятад хүн гайхна. Европын жуулчлалын бизнестэй аливаа нэгэн байдлаар холбоотой хэн ч бай, ашиг орлого арвин байгаагаа Хятадын ач буян гэж үзэх ёстой нь зүй. Их Британийн тансаг ангиллын “Burberry” брэндийн нийт барааны дөрвөний нэгийг өнөөдөр Дундад улсын иргэд худалдан авч байна. Хэрвээ тэд ингэдэггүй бол “Burberry” төдийгүй тансаг брэндийн бусад олон үйлдвэрлэгч хийсэн юмаа борлуулах гэж махаа идэж байсан байх биз. Гэсэн хэдий ч 2005 онд Сингапур дахь “The New York Times” сонины сурвалжлагчийн бичсэн нийтлэлд өгүүлснээр бол хятадууд шал дэмий юманд хэтэрхий их мөнгө үрдэг гэнэ. Саяхан Германы жуулчлалын үндэсний хороо Хятадын жуулчдыг “манай үйлчлүүлэгчид” хэмээн магтсан юм. Нэр дээрээ магтсан боловч нидэр дээрээ бол хятадуудыг гомдоож ч мэдэх энэ тодорхойлолтын агуулга нь “Хятадын жуулчдын зорилго бол ерөөсөө л мөнгө, наймаа, арилжаа юм. Оюуны үнэт зүйлийг дээгүүр тавьдаг Баруунд ирсэн хятадууд энэ үнэт зүйлийг огт сонирхдоггүй” гэсэн хэрэг билээ.
Гэхдээ л хятад жуулчид арвич хямгач, нарийн гэж жигтэйхэн нь бас үнэн. Энэ оны эхээр Мальдивын таван одтой зочид буудалд ажилладаг нэг хятадын хэлснээр бол уг буудал Хятадаас хүмүүс ирэхээр өрөөн дэх ус буцалгагчийг нь хураадаг гэнэ. Учир нь тэд буудлын ресторанд орохгүйгээр өрөөндөө бэлэн гоймон чанаад идчихдэг аж. Мальдивын зочид буудал, амралтын газруудаас гадна, дээр нэр гарсан “The Daily Dish” блогийн бичлэг, сэтгэгдлүүд зэрэг өдий төдий эх сурвалжаас үзэхэд хятадууд үйлчилсэн хүндээ цайны мөнгө өгдөггүй нь тэднийг байнга хэл амны бай болгодог байна. (Төлөх ёстой хөлсөө хэргээр дутуу өгдөгийг нь ярихаа больё гэхэд хятадууд цайны мөнгөнд сохор зоос шагайлгадаггүйгээрээ энд тэндэхийн үйлчилгээний газрынхны ад болсон нь үнэхээр үнэн юм. Гэхдээ логикоор нь бодож үзвэл, энэ нь эдийн засгийн системийнх нь нэг гажгаас үүдэлтэй болохоос биш, бусдын соёл руу нулимах гэж арай ч тэгдэггүй биз)
Мальдиваас хэдэн мянган километрийн алс Европт жуулчдын ийм аргыг “Үнэтэй жуулчлал, хямдхан амьдрал” гэж нэрлэдэг. Хятадууд өөрсдөө төдийгүй өөрийн гэсэн энэ арга нь, тэднээс хамааралтай болсоор буй Европын жуулчлалын зах зээлд бизнес эрхлэгчдийн дургүйг улам бүр хүргэсээр байна. Ван овогтын номд Хятадын жуулчдыг энэ мэт олон шалтгаанаас болж өөрийн эрхгүй гадуурхах хандлага бодитой буйг хүлээн зөвшөөрсөн хэд хэдэн зочид буудлын эздийн (хэдийгээр тодорхой нэр дурьдаагүй ч) яриа буй. Нэр бүхий зарим хүн энэ хандлагаа ил тодоор илэрхийлсэн явдал саяхан нэг бус удаа гарсныг үзэхэд, Ваны номд орсон тэдгээр яриаг худал гэж мэтгэх аргагүй юм.
2011 онд A.P.C. хувцасны брэндийн дизайнер Жан Түитү “Hint Fashion Magazine” сэтгүүлд ярилцлага өгөхдөө хятадуудыг соёлгүй “шинэ фашистууд” гэсэн төдийгүй “Хятадад очсон хүн амиа хорлохоос өөр аргагүй болно” гэжээ. Нэг жилийн дараа Францын “Zadig & Voltaire” компанийн захирал Парист нээсэн шинэ зочид буудалдаа хятад хүн оруулахгүй хэмээн албан ёсоор зарлав. Үүний хариуд хилэгнэсэн хүмүүс түүнийг элдвээр хэлэхэд, компани хятадуудаас уучлал гуйгаад, зөвхөн олноороо яваа жуулчдыг л хүлээж авахгүй хэмээн залруулсан билээ.
Гадуурхлын иймэрхүү бодит жишээ нөхцөл байдлыг улам хурцатгасан төдийгүй хятадуудын “өвчнийг хөдөлгөсөн” нь бас ч аргагүй юм. Хоолны талон дээр нь гахай зурж өгсөнд эгдүүцсэн 300 гаруй хятад жуулчин 2005 онд Малайзийн “Genting” казиногийн үүдэнд сууж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Харин казиногийн удирдлага энэ явдлыг тайлбарлахдаа, Малайз лалын шашинтнууд давамгайлсан орон учраас гахайн мах иддэг хүмүүсийг иддэггүйгээс нь ялгахын тулд (лалын шашинтнууд гахайн мах иддэггүй) талон дээр гахай зурсан гэжээ. Өнгөрсөн өвөл Америкийн нисэхийн “United Airlines” компани нэг хятад зорчигчийг, суудал дүүрсэн гээд онгоцондоо оруулаагүйгээс, Хятадад бөөн юм болсон бөгөөд өнөөдөр ийм сэдэвт Хятадын хэвлэлийнхэн анхаарлаа урьд урьдахаас илүү идэвхтэй хандуулдаг болсон байна.
“Өнөөдрийн үдийн хоолон дээр нэг америк нөхрийн гаргасан ёсгүй авирт баахан дургүй хүрэв. Хамт хооллосон бусад улс бүгд намбатай аятайхан байхад тэр этгээд чанга чанга ярьж, тас тас хөхрөх нь бэрх” гэж 1869 онд хэвлэгдсэн Марк Твений “Гадаадад явсан хэнэггүй хэд” хэмээх өгүүллэгт гардаг. Бусдын дургүйг хүргэдэг жуулчдын анхны биелэл нь америкчууд байсныг харуулах энэ зохиолыг, дээр нэр гарсан Э.Оснос хятад жуулчдын аяг авирын талаар интернэтээр надтай хөөрөлдөхдөө иш татсан юм. Э.Оснос хятад жуулчдын тэсрэлтийн талаар 2011 онд “The New Yorker” сэтгүүлд бичиж нийтлүүлсэн сурвалжлагаа “Их аялал” (дэд гарчиг нь “Өдрийн 1500 юаниар Европт” гэж байв) гэж гарчигласан бол “The Economist” сэтгүүл дөрвөн сарын өмнө мөн ийм сэдвээр “Шинэ их аялал” гэсэн өгүүлэл нийтэлж байжээ.
Энэ хоёр нийтлэлийн аль аль нь Европ дахь нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, Хятадын жуулчлалын эдийн засгийн асуудлыг нь хөндөөд, хятад жуулчдын сонирхол дахь хачирхалтай талуудыг дурьдсан юм. Э.Оснос сурвалжлагаа бичихдээ тэдгээр жуулчдын дунд Хятадад байхаас нь авахуулаад л хутгалдсан бол “The Economist”-ын сэтгүүлч бичих сэдвийнхээ обьектоос зориуд ангид байснаас ч тэр үү, энэ хоёр нийтлэлийн өнгө аяс хоорондоо ялгаатай байв. Тухайлбал “The Economist” сэтгүүлд “Мөн чанартаа, жуулчилна гэдэг бол идэж үзээгүй шинэ хоолоо хайж явахыг хэлдэггүй”, “Хятадууд алжаал тайлчих аятай таатай ямар ажил үйл байна гэж эрэхээсээ илүү, хачин сонин юм үзэж мэл гайхах, өмнө нь эдэлж хэрэглээгүй содон эд зүйл худалдаж авахыг л чухалчилдаг” гэхчлэн өгүүлсэн бөгөөд нэгэн үе европчууд иймэрхүү байсныг цухас дурьдаад, ул дол болсон “Хятадын эдийн засгийн гайхамшиг”-ийн өчүүхэн магтаалаар нийтлэлээ дуусгажээ. Хятадууд ганц нэгээрээ аялахыг илүүд үздэг болж төлөвших Хятадын жуулчлалын ирээдүйн тухай үг өгүүлбэрээр С.Оснос өгүүллээ дуусгасан нь “The Economist”-ынхоос төдийлэн ялгаагүй боловч, бүхэлдээ бол зохиогч хятад жуулчдыг бусдаас онцгойлон үзэж “нүд үзүүрлээгүй”, харин бидэнтэй л адилхан хүн гэсэн байдлаар хандсан байна.
Э.Оснос надад бичсэн цахим захидалдаа “Хэдэн арван жилийн өмнө бид ямар байсан, Хятадын жуулчид түүнээс өөрц алга гэж би боддог. Марк Твений бичсэн “Гадаадад явсан хэнэггүй хэд” л гэсэн үг” гээд, жуулчлалаар ирсэн швейцарьчууд халуун эспрессо кофе руу цангасан адуу шиг дайрч байхыг англичууд хараад нүд нь орой дээрээ гардаг байсныг дурьджээ. “Юм үзээгүй хүн сониуч зандаа хөтлөгдөхөөрөө илүү ихийг үзэж мэдэж авах гэж улайраад ямар болдог билээ, бид тийм л байсан. Ёсорхоод цэмцэгнээд байх юм тэнд огт байдаггүй. АНУ-ыг байгуулсан бидний өвөг дээдэс ч тийм байсан нь лавтай” гэж тэрбээр тэмдэглээд “Хятадын иргэдийн дийлэнх олонх нь наад зах нь нь нэг, цаад зах нь хоёр ч үеэрээ ядуу зүдүү, хөдөөх бүдүүлэг байдлаар амь зууж байгааг мартах ёсгүй. Үнэхээрийн юм үзээгүй хүмүүс асар олон бий нь үнэн ч, жуулчдын хувьд ихэнх нь хилийн дээс анх удаа алхаж буй учраас л гадаадынхны уурыг бараад байгаа хэрэг. Гадаадад аялж явахдаа тэдний хазгай гишгээд байгаагийн үндсэн шалтгаан нь ердөө л, мэдээлэл дутмагийнх. Гэхдээ тэд энэ алдаагаа хурдан залруулж чадна” гэжээ.
Зуугаад жилийн өмнө хятадуудын үзэж байснаар, биеэ зүй зохистой авч явж чаддаггүй улс бол Барууныхан өөрсдөө байсан гэдгийг америкчууд тухайн үед тэмдэглэж байжээ. Америкийн иргэн Карл Кроу Хятадад сууж байхдаа бичиж 1940 онд хэвлүүлсэн “Чамин тансагийн хаант улсад зорчсон харийн чөтгөрүүд” тэмдэглэлд “Айл хунар, үйлчилгээний газарт ёс горимын дагуу явж ороод аяга цай зөв уучихдаг, нэрийн хуудас аятайхан хүлээгээд авчихдаг хүн тэдний (Барууныхныг хэлж байна. Орч.) дунд цөөхөн” гэж байна. Хятадуудын биеэ авч явах соёл өндөр дээд түвшинд байсныг тэмдэглэсэн хүн ганц К.Кроу ч биш. 1900 онд хэвлэгдсэн нэгэн цуврал нийтлэлд “Хятад язгууртан биеэ авч явах өндөр соёл, тогтсон дэг ёс, хүнтэй эелдэг тахимдуу харилцах нарийн чадвартай, түүгээрээ ихэд бахархдаг” гэсэн боловч дараалаад, охидын хөлийг боодог хятад ёсны талаар бичсэн байна. Эдгээр өгүүллийн бичигдсэн цаг хугацаа нь, гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг шинжтэй Ихэтуанийн бослого гарсан үе бөгөөд Америк улс Азид нөлөөгөө тогтоохоор чармайж байсан тэр цагийн Хятад улсын тухай бичсэн олонх зүйлийн нэгэн адилаар хятадуудыг хүний ёсноос гажууд бүдүүлэг хүмүүс хэмээн харуулах зорилгыг бүхэлдээ агуулж байсныг тэмдэглэх хэрэгтэй.
К.Кроуг нас бараад олон жил болсны хойно буюу 1987 онд би Бээжингийн Тянаьмэнийн талбайн зэргэлдээ, Хятадын анхны KFC ресторанд сууж байхдаа хүний биеэ авч явах байдлыг үнэлж дүгнэхдээ нэг өнцгөөс харж болохгүй гэдгийг өөрийн жишээн дээр ойлгосон юм. Хэдэн цаг дугаарлаж зогсоод авсан тахианы шарсан махаа дүү бид хоёр ширээнд сууж аваад идэж удаагүй байхдаа эргэн тойрноо санаадгүй харсан юм. Ресторанд дүүрэн суусан хүмүүсийн бүгдийнх нь сэрээ, савх барьсан гар тэгэхэд хөдлөхөө больсон байсан бөгөөд тэд, хоолоо улаан гараараа урж тасдан идэж буй бид хоёрыг хараад алмайрчихсан байж билээ.
Хилийн чанадад тогтсон хятад жуулчдын талаарх үнэлэмжийг өөрчлөх сонирхол гол төлөв хятадуудад өөрсдөд нь бий юм. Харвардын бизнесийн сургуулийг дүүргэсэн Сара Жэйн Хо хэмээх эмэгтэй биеэ авч явах соёл заадаг нэгэн төрлийн дамжааг Бээжинд нээжээ. Хоёр хүүхдийн эх, Английн язгууртны эхнэр Ребекка Ли энэ сургуулийн захирал бөгөөд тэд сургуульдаа элссэн баян хятадуудад аягатай цайг хэрхэн зөв хутгах, “Louis Vuitton” гэдэг үгийг яаж зөв хэлэх гэх зэрэг шаардлагатай зүйлсийг зааж байна. Дамжаанд 12 өдөр суухад 16 мянган долларын хөлс төлдөг гэнэ. “Эрх чөлөө үзсэн гахайн сүрэг” номыг бичсэн Ван овогт энэ сургуулийн талаар надад бичсэн захидалдаа, Хятадын нийгмийн дээд зиндааныхан доодчуулдаа тоомжиргүй ханддаг болохыг тэмдэглээд,ийм маягийн сургууль байх нь тийм ч үр өгөөжтэй биш гэж үздэгээ хэлжээ. Түүнийхээр бол энэ нь ердөө л баячуудын мөнгийг саах нэг арга бөгөөд үүний оронд гадаад багаараа жуулчлалаар явах хүмүүст зориулсан дамжаа нээж, бодлоготойгоор зохион байгуулж санхүүжүүлэн, хүссэн хүн бүрт үнэгүй сургалт явуулах хэрэгтэй гэнэ. Тэр ч байтугай гадаад паспорт авах өргөдөл гаргасан хүмүүсийг энэ дамжаанд заавал суулгадаг байх хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна. Ван овогт өөрөө магистрантураа төгсгөөд, гадаадад биеэ яаж явах ёстойг ухуулсан нийгмийн реклам хийх санаатай байгаа аж. Гэхдээ энэ нь хөгжилтэй, хөнгөн өнгө аястай байх бөгөөд тухайлбал “Нэг хятад гадаадад явж байгаад олонд алдартай нэг барилгын хана руу морь харж орхино. Хажуугаар нь явсан нэг европ хүн дүрсхийтэл уурлаад мань эрийн араас өшиглөж орхиод “Нийтийн бие засах газар” гэсэн хаягтай газар луу заана. Тэгж байтал цагдаа ирнэ. Улмаар хятад эрийг гавлан авч явах бөгөөд шүүх хурал болж түүнийг торгох буюу шоронд хорихоор шийтгэж буй үзэгдлээр энэ зохиомжийг төгсгөж болох юм” хэмээн Ван бичсэн байна. Үзсэн хүнд сургамжтай, сонирхолтой байх ёстой бол хятад хүнийг өшиглөгч нь европ хүн байж хэрэггүй, зорьсноосоо эсрэг үр дүнд хүрч мэднэ хэмээн намайг хариуд нь бичихэд Ван зөвшөөрч “Нээрээ тэр нь зөв юм. Шээж байгаа хятадыг нөгөө нэг хятад нь өшиглөсөн нь дээр юм байна. Харин цагдаа нь гадаад хүн байна биз. Энэтхэг, африк, европ ямар ч байсан яахав” гэсэн юм.
Эцсийн дүндээ Сара Жэйн Хогийн Бээжин дэх 16 мянган долларын сургууль, Amazon.com дээр 1.99 долларын үнэтэй байгаа номны аль нь ч байгаад, хятад жуулчдын соёл арай дээрдээд ч, хилийн чанад дахь тэдний нэр хүндийг сайжруулах аргагүй юм. Гадаадынхан Хятадын жуулчидтай соёлын зөрчилд орж буй явдал нь, үүнээс ч хавьгүй илүү цар хүрээтэй Зүүн Ази болон Европын хоорондын дуусдаггүй үйл ойлголцлын мөргөлдөөний шинэ хувилбар л төдий билээ. Япончуудыг амтай бүхэн ихэмсэг яравгараар нь дуудан муушааж байсан (Өөр юу ч биш, тэдний үнэхээр ихэмсэг яравгар байдал нь шүүмжлэл, доог тохууны бай болж байсан нь сонин) цаг хүний амьдралын ердөө ганцхан үеийн өмнө тохиосон бөгөөд Япон улс бусдад эдийн засгийн хувьд аюул учруулахаа больсны дараа л энэ шүүмжлэл зогссон юм.
“The New Yorker” сэтгүүлийн Э.Оснос Хятадын наад зах нь АНУ-тай харилцах харилцаанаас их зүйлийг хүлээж байгаагаа хэлж байна. “Энэ харилцааг тухайлбал манай эртний түнш Саудын Араб болон Хятадын харилцаатай харьцуулж үзэхэд сонирхолтой зүйл их гарна. Араб хэл сурч, Эр-Рияд хотод суух ирмүүн хүсэлтэй америк хүн тийм олон байхгүй байх аа” гэж тэрбээр хэлсэн юм. Миний хувьд Э.Осностой санал нийлмээр байвч арай ч чадахгүй нь. Мичиганы их сургуулийн ректор Александр Грант гэртээ нэг бяцхан цайллага хийсэн тухайгаа бичсэнийг 1938 оны арваннэгдүгээр сарын 23-нд “Associated Press” агентлаг нийтэлсэн юм. Биеэ авч явах соёлын тухай бичсэн нэг номыг “а”, “б”-гүй цээжлээд, ягштал мөрдөхийг хичээдэг нэг хятад оюутан тэр цайллага дээр байжээ. Цай хийж өгсөнд тэр хятад “Ноён хатагтай, та хоёрт эн тэнцүү хэмжээгээр баярлалаа” гэсэн бөгөөд үүнийг сонссон зочид нэгэн дуугаар инээлдсэн гэдэг.
Жич: Америкт очсон хятад жуулчдын талаар одоогоос нэлээд эрт гарсан тийм ч олонгүй мэдээ занги 1882 онд батлагдсан нэг хуультай дийлэнхдээ холбоотой байдаг. Цагаачлан ирж буй хятадуудад хориг тавьсан энэ хуулийн хугацааг 1924 онд сунгасан бол 1943 онд заалтыг нь нэлээд зөөлрүүлэхдээ Конгресс “хятадуудад дургүйдээ энэ хуулийг гаргаагүй”, ”цэвэр эдийн засгийн шалтгаантай байсан” гэхчлэн тайлбарласан билээ. Энэ хуулийг, хятадууд эх орноосоо гарч явахад туйлын хүнд байж улирсан хагас зуун эхлээд ердөө 10 жил өнгөрч байсан 1965 онд цуцалсан юм. Тус хуулиар хятадуудыг АНУ-д цагаачлах, иргэншил хүсэх, аялахыг бүрмөсөн хориглосон бөгөөд ингэснээр цөөхөн чинээлэг хятадууд ч Америкт очиход асар хүнд болсон юм. АНУ-ын Конгресс ийм хууль гаргаж байсныхаа төлөө 2012 онд албан ёсоор уучлал гуйсан билээ. Иймэрхүү хууль мөн Канадад байсныг тэмдэглэх хэрэгтэй болов уу.
Сэтгэгдэл (3)