
Энэ сарын 3-аас 10-ны өдрүүдэд Тайвань улсад зохион байгуулагдсан Ази номхон далайн орнуудын үндэсний урлагийн фестивальд С.Бямбацогт гишүүний дэмжлэгтэйгээр 13 хүний бүрэлдэхүүнтэй “Монгол Алтай” баг амжилттай оролцоод иржээ. Соёлын үнэт өвөөр ЮНЕСКО-д бүртгэгдэж, дэлхийд данслагдсан монгол хөөмий, морин хуур, уртын дуу, бий биелэгээ болон уран нугаралт, ардын дуу зэрэг үндэсний урлагийн төрлүүдийг толилуулсан тус багийн гишүүдийн дийлэнх нь урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй оюутнууд байснаараа онцлогтой. Мөн Түмэн эх чуулга, ХЦДБЧ, Төмөр замын чуулга, ҮДБЭТ зэрэг урлагийн томоохон байгууллагын туршлагатай уран бүтээлчид уг багийн бүрэлдэхүүнд багтаж залуу уран бүтээлчиддээ туршлагаасаа хуваалцсан байна. Алтайн өндөр уулсын дунд үүсч хөгжсөн гэж үздэг хөөмий, тууль, бий биелэгээчдийн өлгий нутаг олон ястны өлгий Ховд аймгаас сонгогдсон эрхэм гишүүн цаашид ч энэхүү “Монгол Алтай” хамтлагаа дэмжин хөгжүүлэх, уралдаан тэмцээнд сойх бодолтой байгаа гэнэ.