“Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм. Энэ хэрэгт холбогдуулж төрийн болон хувь нийлүүлсэн байгууллагын хэд хэдэн хүнээс УМБГ-ын ажилтнууд тайлбар авсан байгаа.Учир нь Ш.Батхүү залилангийн болон бичиг баримт, тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон аж. Ямартаа ч Ш.Батхүү өөрөө хуурамч тамга үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой. Түүнд мэргэжлийн, гарын ур дүйтэй хэн нэгэн этгээд хийж өгөх нь тодорхой. Тиймээс цагдаагийн байгууллагаас ТӨХ, Төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэрийн тамгыг хуурамчаар үйлдвэрлэсэн компани, хувь хүнийг хайж байгаа талаарх мэдээлэл гарсан. Гэвч Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсан гэж өөрөө хэргээ хүлээгээд байгаа юм.
Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс тодруулахад "Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна. Ш.Батхүү “Би хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэдгээ хүлээсэн. Хуурамчаар үйлдсэн гэдэг нь нотлогдвол “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг нарын олон хүн хэрэгтэн биш болно. Гэхдээ одоогоор тухайн гарын үсэг хуурамч уу үгүй юу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна" гэв. Ямартаа ч тэрбээр өөрөө хуурамчаар гарын үсэг зурсан гэж хэргээ хүлээж байгаа нь цаанаа нэг утгатай. Мөн хуурамч гарын үсэг зурсан гэх хэрэгт холбогдоод байгаа зарим хүмүүсийн өмнөөс хэрэг үүрэх гэж байна хэмээн хардах хүмүүс цөөнгүй байна. Хууль хяналтынхан ч түүнийг хэргээ өөрөө хүлээснээр ард нь жинхэнэ хэрэгтнүүд үлдчихэж мэднэ хэмээн ихэд сэжиглэж энэ хэргийн мөрдөн байцаалтыг ихэд нарийн явуулж байгаа сурагтай.
Уг нь энэ хэрэг дөнгөж сөхөгдөж байхад Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсан бүү хэл ямар ч гэмгүй хүн аятай зүйл ярьж байсан. Гэвч өдгөө ингээд хэргээ эхнээсээ хүлээж байгаа нь ямар учиртай юм болоо гэж гайхах хүмүүс олон байна.
Түүнчлэн энэ хэрэгт өнөөх л бүх зүйлээс сугарч үлддэг гэх ТӨХ-ны дарга асан Д.Сугарын нэр холбогдсон яваа. Гэвч түүнийг шалгах боломжгүй байна гэсэн тайлбарыг албаныхан өгч байгаа. Үүнийг ч бататгаж өчигдөр Х.Тэмүүжин сайд ийн ярив. Тэрбээр “Цэцийн өмнөөс би ярих эрхгүй. Тэдний дотроо шийдэх асуудал. Гэхдээ хууль сахиулах байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгааг хэлж чадна. Үндсэн хууль, Цэцийн тухай хуульд цэцийн гишүүнийг цэцийн шийдвэргүйгээр шалгаж болохгүй гээд заачихсан. Тэгэхээр цэцийн есөн гишүүн хуралдаад, шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ. Хоёр ч удаа хандсан боловч хүлээж аваагүй. Хэрэв Ш.Батхүүтэй холбоотой хэрэгт гарын үсэг хуурамч эсэх нь тодорхой болвол Д.Сугарын цэцийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин тавих боломжтой” гэсэн юм.
Ямартаа ч түүний хэрэгт холбогдох, холбоо сүлбээтэй хүн хоёр, гурваар тогтохгүй. Гэвч тэрбээр хэргээ энэ мэтээр эхнээсээ хүлээж байна гэсэн юм яривал цаана нь хэргийн учир тайлагдахгүй үлдчих вий гэх хардлага нийгэмд төрж байгаа юм.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (19)