
Энэ сарын 15-17-ны хооронд Унгарын нийслэл Будапешт хотноо болсон бодибилдинг фитнессийн насанд хүрэгчдийн ДАШТ-нээс ОУХМ Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртжээ. Тэрээр энэ тэмцээний эмэгтэй модель ангилалд 43 орны 390 гаруй тамирчинтай өрсөлдсөн юм. Ингэснээр Б.Оюунгэрэл бодибилдинг фитнессийн дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа нь энэ юм.
Сонирхуулахад Б.Оюунгэрэл өнгөрсөн наймдугаар сард Вьетнамд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний модель ангилалд өрсөлдөн хүрэл медаль хүртэж байсан билээ.