
Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногийн хугацаанд объектын гал түймрийн 7, аврах ажиллагааны 1, химийн бодистой холбоотой 1 дуудлага ирж харъяа аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:25 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад Эвээлийн хүрээ христийн сүмийн 10х20 метрийн хэмжээтэй мансардтай 1 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай унтрааж, 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад 2х2 метрийн хэмжээтэй амбаар, зэргэлдээх 5 ханатай гэрийн гадна хэсэг хайрагдан шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 10 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 22:58 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 2 метр орчим хашаа шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/