Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногийн хугацаанд объектын гал түймрийн 6, гал түймрийн зөрчлийн 5 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал, Объектын гал түймрийн тухайд сүүлийн үед ирж байгаа нийт дуудлагын дийлэнхийг гэр хорооллын айлуудын яндан зуухны галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас яндангийн цонолтоос болж дээвэр, дээврийн хэсэг шатсан гал түймрийн дуудлага эзэлж байна. Ийм учраас иргэд гэр, сууцныхаа галын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг яндангийн цонолтоос шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 7 дугаар гудамжинд Гандан хийдийн цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг иргэн Б 12:07 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х9 метрийн хэмжээтэй цайны газрын тааз, дээвэр, дээврийн хөндийд хураалттай 4 ханатай гэр, 8 ширхэг автомашины дугуй шатаж унтраасан байна. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:08 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х8 метрийн хэмжээтэй өвлийн байшин, эд хогшил шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































