
Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны 2 дуудлага ирүүлснээр харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х8 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20 дугаар гудамжинд шатаж байна гэсэн дуудлагыг 23:15 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/