
Өсвөр үеийнхний дунд тулгамдаж байгаа нэг асуудал нь хүсээгүй жирэмслэлт юм. Өнөөдөр өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидыг нийгэмд гадуурхаж байгаагаас тэдний эрх зөрчигдөж байна. Өнгөрсөн оны байдлаар 15-19 насны охид буюу өсвөр насныхан 2700 хүүхэд төрүүлжээ. Охидын эрт жирэмслэлтэд олон талын хүчин зүйл нөлөөлж байна. Ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол олгох тогтолцоо сул байгаа юм. Мөн ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл гээд сөрөг зүйл нөлөөлж байна гэж хэлж болно. Өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын дийлэнх хувийг нийгэм гадуурхаж, үе тэнгийнхэнийхээ дарамтанд орж байгаа юм. Тэдний 50 гаруй хувь нь сургуульд сурч боловсрол эзэмшээгүй, 25 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй амьдардаг гэсэн судалгаа гаргажээ.